“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.
Түр хороо өнгөрөгч оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна. Сонсголыг Түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж, гурван хоногийн үйл ажиллагааны хөтөлбөр, сэдвийн дараалал болон эдгээр сэдвүүдийн хүрээнд хөндөх асуудлыг нэг бүрчлэн танилцуулснаар эмийн сонсгол эхэлсэн.
Өчигдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж байна. Энэ хүрээнд эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, нотлох баримт, гэрчүүдийн мэдээллийг сонсон, асуулт асууж, хариулт тайлбар авсан.
Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн www.emiinsonsgol.mn, www.parliament.mn цахим хуудсууд болон шууд утсаар иргэд, олон нийтээс эмийн үнэ, чанар, хүртээмжийн талаар мэдээлэл авсан байна. Үүний хүрээнд иргэдээс эдгээр асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугласан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85 000 ширхэг файл болжээ.
Сонсголын үйл ажиллагаанд 11 хянан шалгагч, шинжээч ажиллах бөгөөд тэдний тайлан дүгнэлтэд гурван өдөрт давхардсан тоогоор нийт 150 орчим гэрчийг дуудаж хариулт, тайлбар, мэдүүлэг авна.
Өчигдөр нийт 41 гэрчийг сонсголд дуудан мэдэгдэл хүргүүлснээс Эрүүл мэндийн яамны үе үеийн сайдууд болох С.Энхболд, Т.Мөнхсайхан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа зэрэг 31 гэрч ирсэн байна.
Харин сонирхол татсан гэрчүүд дундаас ковид19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарыг толгойлон ажиллаж байсан Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл оролцсонгүй. Тэрбээр Түр хороонд ирүүлсэн тайлбартаа энэ сарын 15-18-ны хооронд гадаадад томилолттой учраас оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ.
ЭМИЙН ЧАНАР: ХАВДАРТ ЗОРИУЛСАН ЭМЭЭ АРВАН ЖИЛ УУСАН Ч ӨВЧИН НЬ НЭГ ШАТ ХҮНДЭРСЭН
Сонсголд оролцсон иргэдийн төлөөлөл өөрт тулгамдаж буй асуудлуудыг ярилаа. Тухайлбал нэгэн иргэн эмийн чанартай холбоотой асуудлыг хөндөн тавьсан юм. Энэ талаар тэрбээр "Би энэ вирусийн эмийг бараг арван жил хэрэглэлээ. Гэтэл миний хавдар F3-аас F4 рүү шилжсэн. Цирозын шатанд орчихсон. Бид үнэхээр үйлчилгээтэй эм хэрэглэж байгаа юм уу гэвэл үгүй" гэсэн юм.
ЭМИЙН ХЯНАЛТ: УНАЛТ ТАТАЛТЫН ЭСРЭГ ЭМИЙН ИМПОРТЫН ЛИЦЕНЗЭД ТУРААХ ЭМ ОРУУЛСАН БАЙЖЭЭ
Энэ үеэр түр хорооны ажлын хэсгийн шинжээч "2022 оны долдугаар сарын 29-ний А/383 тоот Импортын лиценз олгох тухай тушаалаар уналт таталтын эсрэг 44 эмд импортлох зөвшөөрөл олгосон. Уналт таталтын эсрэг эмийн импортын лиценз орсон 44 эмийн жагсаалт дунд тураах, энерги үүсгэлт, бие мах бодын сэргэлтийг дэмжих зорилгоор хэрэглэдэг Л-Карнитин, Л-Кари гэх эмийг оруулсан" хэмээн мэдээлэв.
Тэгвэл энэхүү эмнүүд нь зөвхөн тураах зориулалттай бус хүүхдийн уналт таталтын үед нэмэлтээр хэрэглэдгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд онцоллоо.
С.ЭНХБОЛД: Л-КАРНИТИН, Л-КАРИ ГЭХ ЭМИЙГ ХҮҮХДИЙН УНАЛТ ТАТАЛТЫН ҮЕД ХЭРЭГЛЭДЭГ
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "2022 оны зургаадугаар сард уналт таталттай тархины саа, саажилттай хүүхдүүдийн төрийн бус байгууллагын гишүүдтэй уулзалт хийсэн. Энэ хүрээнд 44 эмийн үнийг хөнгөлсөн. Ингэхдээ 0-18 насны хүүхдийн хэрэглэдэг эмийг даатгалаас 100 хувь, насанд хүрэгчдийнхийг 70 хувь хөнгөлөх тогтоол гаргасан.
Л-Карнитин, Л-Кари гэх эмийг хүүхдийн уналт таталтын үед нэмэлтээр дэмжлэг болгож хэрэглэдэг. Ялангуяа төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлах хам шинж, сэтгэц хөдөлгөөний алдагдал, уналт таталт алдагдах үед хэрэглэдэг.
Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй. Хүнсний зорилгоор зарим үед хэрэглэгддэг бүтээгдэхүүнд орж явдаг" хэмээн ярилаа.
Ж.ЧИНБҮРЭН: Д ВИРУСЫН ЭМЧИЛГЭЭ ГЭХЭЭР 2015 ОНЫ СТАНДАРТАА ЯРЬДАГ АТЛАА ТАТАЛТ, УНАЛТЫН ЭМ ЯРИХААР ОРЧИН ҮЕИЙН ЮМ БИД ОРУУЛЖ ИРСЭН ГЭХ
Харин эмийн түр хорооны дарга Ж.Чинбүрэн: “Уналт таталтын хүмүүс болон ар гэрийнхнийх нь хүсэлтээр энэ төрлийн эмнүүдийг хөнгөлөлтөд оруулсан нь маш сайн. Үүнийг далимдуулаад гуя дагаж хүзүү гэгчээр хоёр эмийг оруулсан уу гэдэг асуудлыг нэлээд нухацтай ярих ёстой. Би бол эрүүл мэндийн яамныхан та бүхэнд нилээд хардалттай хандаж байна. Өнөөдөр бид Д вирусын эмчилгээ гэхээр 2015 оны стандартаа яриад байдаг. Тэгээд таталт уналтын эмээ ярихаар бараг орчин үеийн юм бид оруулж ирсэн юм гээд байдаг. Энэ чинь хаана нь ашиг сонирхол нь яваад байна? Олон улсын эмчилгээний удирдамжид наад хоёр чинь байхгүй байна шүү дээ. Тийм учраас би үүнийг зориудаар онцгой анхааруулж, хөндлөнгийн хяналтаар дүгнэлтийг нь гаргуулна. Тэгээд Улсын Их Хуралд тайлан тавихдаа энэ асуудлыг тусгайлан сэдэв болгож ярина.” гэв.
АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДЛАА АШИГЛАН ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД САЛИМОН, БАРБАДИН ЭМҮҮДИЙГ ОРУУЛСАН УУ?
Сонсголын эхний өдрийн бас нэгэн дуулиан нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад салимон, барбадин гэх эмийг оруулсан байв. Тодруулбал, шинжээч зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал сэдвээр дүгнэлтээ танилцуулсан юм. Тэрбээр "Шинэ Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн сургуулийн захирал М.Уранчимэг нь "Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулах" ажлын хэсгийн хуралд оролцохдоо өөрийн хамаарал бүхий этгээдийн гаргадаг САЛИМОН, БАРБАДИН эмүүдийг оруулах саналыг гаргаж, оруулсан. САЛИМОН, БАРБАДИН эмүүдийн патентыг М.Уранчимэгийн ажилладаг их сургуулийн захирал болох С.Амбага эзэмшдэг. М.Уранчимэгийн нийгмийн даатгалын даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор 2020 оноос эхлэн Шинэ Анагаах ухааны их сургуульд ажилласан. Одоогоор тус сургуулийн Эм зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Шинэ Анагаах ухааны их сургуулийн захирал С.Амбагатай нэгдмэл сонирхолтой этгээд болох нь тогтоогдсон" гэх мэдээллийг өгсөн юм.