Бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэл өөрийн бие даасан "Талархал" тоглолтоо 2 дугаар сарын 17-нд хийсэн. Энэ үеэр түүнд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулсан юм. 2016 оноос эхэлж МУАЖ С.Батсүхтэй хамтран дуулж эхэлсэн тэрбээр өдгөө 13-хан настай билээ.
“Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан, ажлын өндөр амжилт гаргасан, онцгой бүтээл туурвил бүтээсэн, сахилгын болон ёс зүйн зөрчилгүй, соёл, урлагийн салбарт 12-оос, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан тэргүүний шилдэг хүмүүсийг шагнаж болно.” гэж Соёлын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/05 тоот тушаалаар баталсан “Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг болон яамны шагнал олгох журам”-д заасан байдаг.
Балчир хүүхдэд ийм шагналыг олгосонд олон хүн эгдүүцэж, байр сууриа илэрхийлээд байгаа бол Б.Бат-Эрэнэл хүү ч өөрөө уг шагналаас татгалзлаа.
Б.БАТ-ЭНЭРЭЛ: ХЭЛ АМ ДАГУУЛСАН ЦОЛ ТЭМДЭГ НАДАД ХҮНДДЭХ БАЙХ
Миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог 100-аад хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл, дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтонд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж чадахаараа оролцож ирсэн. Багштайгаа хамтарсан олон тоглолт хийж, олон аймаг, сум, Солонгос, Америк улсуудаар тоглолт хийсэн. Улсаа төлөөлж Хятад, Орос улсад зохион байгуулагдсан фестивалуудад уригдан оролцсон зэргийг минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү. Надад Соёлын яамнаас 2021 онд гардуулсан Соёлын яамны жуух бичиг байхад л болно оо.
Харин үүн дээр соёл урлагийн салбарынхан болон иргэд ямар суурьтай байгаа талаар хүргэе.
Н.ЖАНЦАННОРОВ: ГОЦ АВЬЯАС БОЛ УРАН БҮТЭЭЛТЭЙ ОГТ ХАМААГҮЙ
Б.Бат-Энэрэл хүү 13 насандаа МУСТА бол тэмдгээр шагнагдсанд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар н.Жанцанноров дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр:
Бидний эрт дээр үед соёлын тэргүүний аижлтан цол тэмдэг энэ салбарт олон жил /15-аас доошгүй жил, хоёргүй сэтгэлээр зүтгэсний үнэлгээ байсан. Гоц авьяас, уран бүтээлтэй огт хамаагүй. Одоо өөр шалгууртай болсон юм байлгүй. ОДоо 2 зам бий.
ГИТАРЧИН, АЯ ЗОХИОГЧ Д.ӨЛЗИЙ-ОРШИХ: БИ СТА ТЭМДГЭЭ НЭГ Ч УДАА ЗҮҮЖ ҮЗЭЭГҮЙ, ИЧЭЭД
13 настай хүүд салбарын тэргүүн гэх цол тэмдгийг олгосонд олон хүн эгдүүцэж, ямар шалгуураар СТА бол тэмдгийг олгодог вэ гэдэг нь гол сэдэв болоод байгаа. Тэгвэл СТА цол тэмдгийг олгох шалгуурыг үзсэн гитарчин, ая зохиогч Өөжгий дараах байр суурийг илэрхийлжээ.
СТА чинь бас өндөр шалгууртай эд юм байна. Би 2002 онд гануулсан шиг санагдаж байна. Тэр үед би энэ болзлыг нь хангасан юм болов уу гэж гэнэт бодоод үзлээ. Бас ч гэж гайгүй.
Хайрын бурхан, Чи минь, Дурлаж бичсэн шүлэг дуунуудаа зохиочихсон байж. 1985 ноос хойш тайзан дээр тоглосон 1989 онд Хилчин, Соёмбо чуулгад ажиллаж эхэлсэн гэхээр энэ салбарт 17 жил, ажиллаад 13 жил болчихсон байж. Сахилга би ч ерөнхийдөө гайгүй.
Тэгэхээр ерөнхийдөө болзол хангасан СТА гэж өөрийгөө үзэж байгаа шүү. Тэгэхдээ тэр тэмдгийг нь нэг ч удаа бараг зүүж үзээгүй. Ичээд
СЭТГҮҮЛЧ М.УРАНЧИМЭГ: Б.БАТ-ЭНЭРЭЛ ЭСВЭЛ ОЙР ТОЙРНЫХОН НЬ ХҮСЭЭД Л АВАА БАЙЛГҮЙ
СТА ч бай Алтан гадас ч бай хүн нь хүсвэл, хөөцөлдөлгөө сайтай бол хэнбугай ч авчихдаг шагнал юм шүү дээ. Б.Бат-Энэрэл эсвэл ойр тойрныхон нь хүсээд л аваа байлгүй. Шагналаа буцаана гэсэн гарууд ч ийм замаар авсан байх гэж бодно.
Өчигдөр баяр хүргээд л байсан өнөөдөр битүү шүүмжилсэн улс гарч ирж. Зарим нь ч СТА-гаа өгье гэх. Өгчих л дөө. Хаячихаж бас болно. Тэрний төлөө бяцхан хүүг нэмж буллидээд яах вэ дээ. Тэртэй тэргүй түмэн асуудалтай, ачаатай, тэрсэж тэмцээд яваа хөөрхий хүү л харагддаг
ХҮҮХЭЛДЭЙ ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН Ц.ЦЭРЭНДОРЖ: ХӨДӨЛМӨРЛӨЖ ЗҮТГЭСЭН ЗҮТГЭЛД НЬ ЯАГААД СТА ЦОЛ ТЭМДГИЙГ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭЖ
Би 14 жил МУХТеатрт ажиллаж байна. Мэргэжлийн сургуулийн төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж зүтгэж байж хөдөлмөрөө үнэлүүлэн 6 жилийн өмнө Соёлын Тэргүүний Ажилтан болсон.
БАТ ЭНЭРЭЛ дүү маань харин байгалаасаа төрсөн төрмөл авъяас, өгөгдөлтэй хүүхэд.
3 удаагийн тоглолт 2 цомог гаргачихсан урлагт хийж бүтээсэн бүтээлтэй, дуутай, фенүүдтэй ингэж хөдөлмөрлөж зүтгэсэн зүтгэлд нь яагаад СТА цол тэмдгийг өгч болохгүй гэж.
Өгч болохгүй гэсэн хууль хаана байна?
МУСТА авах бүх шалгуурт нь тэнцсэн хүүхэд шүү дээ.
Улсын чанартай уралдаанд 3 байрт шалгарсан, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол бүжигчин, гимнастик, акробат, уран нугараач, хүч тамирын жүжигчин, зэрлэг ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийч, үлээвэр хөгжимчнөөр 10 жил ажилласан уран бүтээлч, 1990 оноос өмнө Улсын тэргүүний уран сайханч болсон, улс, олон улсын их наадмын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тус салбарт ажиллаж байгаа уран бүтээлчийг уг хүндэт тэмдээр шагнахаар журамлажээ.
Журмандаа заавал мэргэжлийн сургууль төгссөн байх ёстой гэсэн шалгуур байдаггүй шүү. Хэрвээ шагналаа чанартай болгох гэж байвал ам барьдаг дуучдадаа өгөхөө болих хэрэгтэй. Хаана ч хэзээ ч амьдаараа л дуулдаг байгаа шүү.
ЧӨЛӨӨТ УРАН БҮТЭЭЛЧ М.ЭЛДЭВ-ОЧИР: БИ ОДООНООС СТА БИШ ШҮҮ ЗҮГЭЭР ДУУЧИНААРАА БАЙЯ ИЧИЖ БАЙНА
20 жил ажиллаж байж СТА авж байсан арай л юмаа.Хүүхдийн байгууллага Авъяас алтан медаль хаачаа вэ.Би одооноос СТА биш шүү зүгээр дуучинаараа байяа ичиж байна.
ЭМОЦИ ПРОДАКШНЫ ЖҮЖИГЧИН Э.АЛТАНГЭРЭЛ: СТА АВСНААСАА АВААГҮЙ НЬ ҮНЭТЭЙ БОЛЧИХЛОО
Одоо ер нь СТА байсан ч яалаа байгаагүй ч яалаа. Авсанаасаа аваагүй нь үнэтэй болчихлоо доо.
ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ У.ПҮРЭВЖАВ: ШАЛГУУР ӨНДӨРТЭЙ ҮЕИЙН СТА-НУУД ОДОО ХҮҮХДИЙН ТЭМДЭГ ЗҮҮДЭГ БОЛЖ ХУВИРЛАА
СТА бол анх мэргэжлийн уран бүтээлчдэд өгдөг, чанар шалгуур өндөртэй үнэ цэнтэй байж л дээ. Дараа нь тоглолтоо хийсэн зохиолын дуучдад өгдөг нутгийн зөвлөлийн шагнал болж. Тэгээд уран бүтээлчээс халиад уран сайханчид өгдөг болсон, одоо хүүхдийн шагнал л болж дээ. Шалгуур өндөртэй үеийн СТА-нууд одоо хүүхдийн тэмдэг зүүдэг болж хувирлаа
СТА Д.ЭРДЭНЭБАТ: МАНАЙ СОЁЛЫН ЯАМНЫХАН ЭРҮҮЛ БАЙГАА ДАА
Монгол урлаг соёлын төлөө насаараа үнэнч зүтгэнэ гэж тангараг өргөх нь халгүй мэргэжлийн сургуулийг нь дүүргээд насаараа зүтгэсний минь шагнал ганц СТА цол минь урлагаа орхих тангараг өргөөд тоглолтоо хийж байгаа хуруухан чинээ хүүгийн энгэрт даналзана гэж зүүдэлсэнгүй явж дээ хөөрхий. Энэ манай соёлын яамныхан эрүүл байгаа даа.
ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ С.ГАНТОГТОХ: НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ
13 настай бяцхан авьяастан Монгол улсынхаа СТА шагналыг хүртсэн байна. Шагнал нүдээ олжээ гэж хүүхдийн зохиолчийн хувьд баярлаж байна. Яагаад болохгүй гэж. Харцын хүүхэд авч болдоггүй шагнал уу. Дуучин Бат-Энэрэл үе тэнгийнхэнээсээ авьяасаар хол тасархай өөрөөр хэлбэл байгалиас заяасан унаган авьяастай төрсөн. Сайн багштай учирсны ачаар авьяасаараа ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сайн дуучин болсон. Хүүхэд өөрөө ч маш зөв хүмүүжилтэй монгол түмний ярьдгаар хэвлүүхэн хөөрхөн хүү. МУСТА цолыг чинь хийсэн бүтээсэн уран бүтээлтэй ард олноо хүндлэгдсэн нь хэнд ч өгч болно биздээ. Би тэгж л бодож байна. Харин дашрамд өгүүлэхэд танил тал ар өврийн хаалга үүд нам харъяалал энэ тэр гээд олноо танигдаагүй маш олон хүнд энэ цолыг тараасанд л уг цолны үнэ цэн буурсан асуудал буй. Заа ер нь тэгээд МУСТА чинь нэг нэгэнтэйгээ барьцаж гомдоллож авдаг гуйлгын цол болсон шүү дээ. Бяцхан хүүхдэд ийм цол өглөө гээд байгаа хүмүүс бол атаархагчид гэдэг нь тодорхой шүү дээ. Тэд өөрсдийнхөө нүүр царайг илчилж буй хэрэг.
МУСТА цолыг хүртсэн бяцхан дуучиндаа маш том баяр хүргэж цаашдын уран бүтээлийн замналд нь гэгээн сайхныг ерөөе. Дашрамд Соёлын яамдаа талархал илэрхийлье. Тогтсон хэм хэмжээг эвдэж хийж бүтээсэн хэн боловч нас харгалзахгүй энэ цолыг элдэв ар өврийн хаалгагүй хүртэж болдог гэдгийг олноо мэдрүүллээ.