Сар шинийн баяраар Монголчууд хүний алга дээш харуулдаг уламжлалаа бодолцон боов, сахар, цайны идээ зэргийг зочиддоо барьдаг байсан нь цаг үеийн хувьслаа дагаад эрээний бараа, элдэв чамин зүйлс болон хувирсан. Эцэстээ энэ бүхнийгээ олон нийт өөрсдөө шүүмжлэн мөнгөний урсгалаа дотооддоо үлдээж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, эсвэл бэлэн мөнгө бэлэглэдэг байх нь зүйтэй гэх хандлага тогтоод буй. Тэгвэл бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө буюу Монгол төргөрийн түүхээс та бүхэнтэй хуваалъя.
Монгол Ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргаж, 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200 100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаар төгрөг Монгол улсын газар нутагт гүйлгээнд оров.
Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж "төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоос болон цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргаж байжээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ.
Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ.
Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгүүдийг гүйлгээнээс татаж авах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна. Харин хятадын янчаан нь тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв.
Ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байлаа.
1925 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэнд Монголын эд хэрэглэгчдийн хоршоо болон гадаадын худалдаачдын нийт 20 гаруй сая гадаадын мөнгөн тэмдэгт гүйлгээнд явж байжээ.
Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа.
Зах зээл дээр явагдсан төгрөг, янчааны хороондын тэмцлийн явцад янчааны ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж байв. Төгрөгийн нэр хүнд, эзлэх жин нь түргэн өсч анх гаргахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг, жилийн дараа тодруулбал 1926 оны сүүлчээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулж байна. Ингэж шинэ мөнгөн тэмдэгт "төгрөг" зах зээл дээр ноёлох чанартай үндсэн валют болон хувирчээ.
Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гадаадын мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ.
1927 оноос тус орны бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл, тайлан баланс, хоорондын тооцоо, үнэ, татвар хураамжийг төгрөгөөр тооцоолон бодох болж улсын зах зээлээс хятадын янчаан бүрэн шахагдан төгрөг дангаараа үйлчлэх болов.
Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд (1926-1927) Монголбанкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ.
1925-1927 оны хооронд олон улсын байдалд зарим өөрчлөлт гарч дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч алтны эрэлт хэрэгцээ өсч ирсэнтэй уялдуулан төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах зорилгоор 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монголбанкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ.
Ингэснээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндэсний валют "Төгрөг" бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны 8 дугаар сарын 1 гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ.
Үүгээр мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ төгсч шинэ валют төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чаджээ.
Засгийн газраас мөнгөний шинэчлэлттэй холбогдуулан 1924-1928 онд авч явуулсан шат дараалсан арга хэмжээний дүнд Англи, Америк болон бусад орны худалдаачид, хятадын томхон пүүсүүд Монголын зах зээлээс шахагдан гарсан байна.
Мөнгөний шинэчлэлтийг амжилттай явуулж, үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон нь эдийн засаг, улс төрийн ихээхэн ач холбогдолтой юм.
Ингэж үндэсний мөнгөн тэмдэгт "төгрөг" улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, олон улсын мөнгөний үүргийг бүрэн чанартай гүйцэтгэж ирлээ.
1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн цаасыг үйлдвэрлэхдээ хуурамчаар үйлдэхээс хамгаалсан усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын 3/5-ийг хөвөн, 2/5-ийг нийлэг эд, маалинга, бусад хольц эзэлдэг. Иймээс төгрөгийг томруулж нарийвчлан харвал улаан, цэнхэр болон бусад өнгийн зураасыг ажиглан харж болно.
1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн.
\Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ.
Он оны мөнгөн тэмдэгт
1924 онд батлагдсан манай улсын анхны үндсэн хуулийн дагуу "соёмбо" сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна. Энэ оны мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан боловч үнэн хэрэгтээ 1940-өөд оноос гүйлгээнээс бараг хасагдсан байна.
Энэ оны мөнгөн тэмдэгт нь "соёмбо" сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн байна.Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1955 оноос гүйлгээнээс гарчээ.
Энэ оны мөнгөн тэмдэгтийг зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна. Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдон мөнгөн тэмдэгт дээрхи бүх үг үсгийг кирилл үсгээр бичжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс хасчээ.
1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг, 1983 онд 1, 3 төгрөгийн дэвсгэртүүд тус тус гарсан байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтүүдийг зураач Ц.Минжүүр, Д,Цэрэнпил нарын зургаар 1966 онд батлагдсан шинэ сүлдтэйгээр хийжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. 1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. 20 төгрөгийн дэвсгэрт гарсантай холбогдон 1966 онд үйлдвэрлэгдсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй боловч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн байна.