Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт 2026 оны эхний долоон сарын байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 71 бүртгэгджээ.
Цахим орчинд иргэдийн итгэл, анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан бусдын нэр, зураг, мэдээллийг хууль бусаар ашиглах, хуурамч цахим хаяг үүсгэх, бараа бүтээгдэхүүн худалдаж авах нэрийдлээр урьдчилгаа төлбөр шилжүүлэх, зээл олгоно гэх зэрэг аргаар иргэдийг хохироох тохиолдол гарсаар байна.
Түүнчлэн сүүлийн үед цахим орчинд “зээлийн оноо нэмэгдүүлнэ”, “зээл гаргаж өгнө”, “бага хүүтэй зээл олгоно” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлэн дансны мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код авах, улмаар мөнгөн хөрөнгийг нь шилжүүлэн авах эрсдэл нэмэгдэх болжээ.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд танихгүй хүн, хуурамч хаягнаас ирсэн холбоос, санал хүсэлтэд болгоомжтой хандаж, банк болон цахим үйлчилгээний нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код, дансны мэдээллээ бусдад өгөхгүй байх шаардлагатай.
Мөн цахим худалдаа хийхдээ тухайн хаяг, байгууллагын мэдээллийг сайтар шалгаж, хэт хямд үнэ болон баталгаагүй саналд хууртан мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.