Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллүүд өнөөдөр /2025.02.06/ “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалт, барилгажуулалтын асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлэл хийв.
Уулзалтанд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, Нийслэлтийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нар оролцож нээлттэй ярилцлаа.
Гадаадын зочин төлөөлөгчдийн тухайд, Бүгд найрамдах Вьетнам улсын ROX группын ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong, ROX Living Global компанийн гүйцэтгэх захирал Tran Thi My Loc, R&D компанийн захирал Nguyen Hai Chau, ROX группын Бизнес хөгжлийн захирал Le Quang Vu, ROX Living Global компанийн ахлах мэргэжилтэн Lam Thi Hong Chi нар хүрэлцэн ирж, төсөл арга хэмжээ, компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Вьетнамын ROX группын хувьд үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, иргэдэд мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг томоохон групп юм. Англи, Франц гээд дэлхийн олон орнуудад зочид буудал, банк санхүү, үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй 400 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд, Кыргызстанд 2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.
НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:
-Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн дийлэнх нь Улаанбаатар хотод хэрэгжихээр тусгагдсан байгаа. Тойрог хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтаас эхлээд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлсон ийм жилүүд эхэлж байна. Бид Улаанбаатар хотын өнгөрсөн алдааг давтахгүйн тулд дагуул хотууд дээр дэд бүтцийн ажлуудыг шинээр хийж хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна.
Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 44 хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээ хүртээмжгүй бүсэд амьдарч байна. Улаанбаатар хотын зүгээс 2040 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулах гээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа. Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар нийт хүн амын 84 хувийг орон сууцанд, үлдсэн 16 хувийг амины орон сууцанд гэдэг байдлаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдийг тохь тухтай орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэхийн тулд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дэмжлэг, бодлого зохицуулалтаар үргэлжлүүлнэ. 2028 он гэхэд 76 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа.
ROX группын ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong:
- “Манай хоёр орон 70 гаруй жилийн хамтын ажиллагаатай. Хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн таатай орчин бүрдэж байгаа гэж харж байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид туршлага судлах, хамтран ажиллах ажлууд эрчимжсээр байна. Өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын барилгажилт, бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байгаадаа тун таатай байна. Бид бүхэн хоёр баг бүрэлдэхүүн болж Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Үлдсэн баг маань яг энэ цаг мөчид Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзалт хийж байна. Бидний зүгээс Монгол Улсад эрчим хүчний шийдэл болж чадах сэргээгдэх эрчим хүч ашиглах төслийг танилцуулж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласнаар агаар орчны бохирдлыг бууруулахаас гадна, иргэддээ илүү ээлтэй, ногоон хот болох боломжтой. Нарны цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлвэл, Улаанбаатар хот тэр чигтээ эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж чадна.
Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр:
-Манай улсын хувьд 2050 он гэхэд Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болно гэсэн томоохон зорилго дэвшүүлээд байгаа. Дагуул хот төлөвлөж байгаа энэ бүс нутаг бол агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн нэгдсэн зангилаа болох төлөвлөлттэй явж байна. Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд маш амжилттайгаар агаарын тээврийн либералчлалыг хийж байгаа. 150 иргэн Шинэ хүннү хотод шилжин суурьшина гэсэн урьдчилсан статистик төлөвлөгөөг гаргасан. Энэхүү дагуул хотод Төр захиргааны байгууллагууд буюу яам агентлагууд, тээвэр логистикийн төвүүд, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдана. Цаашдаа Хүннү хотын эдийн засгийн 80 гаруй хувийг үйлчилгээний эдийн засгаас бий болгоно гэж зорьж байна.
НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
-Монгол Улсын хувьд нүүдэлчин соёлын аж ахуйгаас суурин хэвшмэл байдал руу шилжих процесс маш эрчимтэй явагдаж байна. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрч амьдарч байгаа. Товчхондоо, төвлөрлөөс болж дэлхийн томоохон хотуудын туулсан зам, асуудлыг бид ч туулж явна. Сүүлийн 10 жил хотжил, орон сууцжуулах үйл ажиллагаа маш эрчимтэй, хурдацтай явж байгаа. Гэсэн хэдий ч гэр хороололд амьдардаг иргэдийн тоо буурахгүй байгаа нь асуудал болоод байна. Тиймээс бодлогын хүрээнд, хяналтын түвшинд зангидаж явах “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөллүүдтэй өнөөдрийн энэхүү уулзалтыг зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй барилгын компаниудтай мөн санал солилцож байгаа явдалд баяртай байна.
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс