2023-2024 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 54.2 мянган багш ажиллаж байна. Боловсролын яамны мэдээллээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид 28 хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байгаа аж.
ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон зарлаж, тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм.
Энэ жил дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын 58 дахь удаагийн баяр тохиож байна. Эрдэмтэн багш нар та бүхэндээ баярын мэнд хүргэе