УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.09.18/Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүх хуралдааныг энэ сарын 25-ны өдрийн 08:30 цаг хүртэл долоо хоногийн хугацаагаар хойшлууллаа. З.Энхболдын өмгөөлөгч нар "Шүүх хурал давхацсан тул хуралдааныг хойшлуулах" хүсэлт гаргасан байна.
Анхан шатны шүүхээс /2024.03.13-нд/ З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон байдаг. Гэсэн ч шүүгдэгчдийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.
Эргэн сануулахад, Шүүгдэгч З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.