СХД-ийн 19 р хороонд байрлах Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль хичээлийн хоёр байртай. Тус хоёр хичээлийн байр нь нийт 1240 хүүхдийн багтаамжтай ч одоогоор 4700 хүүхэд суралцаж байгаа аж. Хичээлийн байрны багтаамжаас гурав дахин их хүүхэдтэй уг сургууль сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ингэж гурван ээлжээр хичээллэж байна.
Гурван ээлжийн хичээл орохоор хамгийн сүүлийн цаг 21 цаг хүрдэг талаар эцэг эхчүүд ярьж гомдол илэрхийллээ. Мөн СХД-т сонгогдсон УИХ-ын гишүүд 62-р сургуулийн шинэ байрыг барьж ашиглалтад оруулна, сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болно гэж амласаар дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн аж. Энэ зуны сонгуулиар ч мөн энэ л зүйлээ ярьж сургуульв ашиглалтад орно хэмээн хулхин дээр нь цэцэг ургуулсан ч энэ нь худлаа амлалт болон замхарчээ.