Ц.ТОВУУСҮРЭН: ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙР, НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖООР ХАНГАГДСАН

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/09

Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэнтэй ярилцлаа. 

-Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна.”  гэж заасан байдаг. Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллага ямар чиг үүрэгтэй гэдгээс яриагаа эхэлье.

-Тиймээ, Үндсэн хуульд ингэж заасан хэдий ч манайхан нутгийн удирдлагын байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага гэсэн ялгаа бүхий  нэр томьёонуудыг хооронд нь хольж хутгаж байгаа нь ажиглагддаг. Уг нь нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг маань тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг хуульд нийцүүлэн өөрөө шийдвэрлэж байх эрх бүхий байгууллага гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 6-11 дүгээр зүйлд заасан байдаг. Харин Нутгийн удирдлагын байгууллага гэдэг нь Хурал, Засаг даргыг хамтад нь илэрхийлж байгаа юм. Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах гэдэг Үндсэн хуулийн ойлголт нь Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.” гэснээс үүдэлтэй юм. Үүнийг Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлд заасны дагуу Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна гэж зааснаар илэрхийлж байгаа юм. Засаг даргын төрийн үүргийг ханган биелүүлэх зохицуулалт нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн “Нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэг”-ээр зохицуулагдаж байна. Нэг үгээр хэлбэл, Засаг дарга нэг талаас орон нутгийн Хурлын гүйцэтгэх байгууллага, нөгөө талаас хуульд заасны дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг засаг төрийн төлөөлөгч  юм. Энэ бол манай улсын болон дэлхийн зарим улс орнуудын онцлог гэж ойлгож болно. Дэлхийн зарим улс орнуудад нутгийн удирдлагыг зөвхөн нутгийн удирдлагын байгууллагууд /орон нутгийн хурал, захирагч/ нь хэрэгжүүлж, төрийн удирдлагыг төв засгийн бүрэн эрхэт төлөөлөгч хэрэгжүүлдэг хэлбэр бий.

-Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг багасгасан парламент гэх нь ч бий. Ингэж ойлгож болох уу?

-Нэрээс нь харахад л Хурал бол иргэдийн байгууллага гэдэг нь ойлгомжтой. Хурлын гол үүрэг бол иргэдийн сайн сайхны төлөө үйлчлэх учиртай. Энд улс төрийн нам төвтэй бус, иргэд төвтэй үйл ажиллагаа ноёрхож байх учиртай. Цаашид ялангуяа сумын Хурлыг байгуулахад улс төрийн намын оролцоог хязгаарлаж, дэлхийн зарим улс орнуудад байдаг шиг иргэд сонгогчдын зөвлөлийн үүргийг өргөж өгөх шаардлага бий. Ингэвээс Хурал жинхэнэ утгаараа иргэдийн байгууллага болж, улс төрийн намаар талцан хуваагддаг гаж үзэгдэл мэдэгдэхүйц буурах болно.

-Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч тухайн орон нутагт ямар үүрэг хүлээж, юу хийдэг вэ?

-Юуны өмнө Төлөөлөгч улс төрийн ашиг сонирхол илэрхийлэхгүй, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг илэрхийлэхгүй. Харин тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан. Бас энэ зүйлд тухайн Хурлаас баталсан ёс зүйн дүрмийг баримтална гэж заасан.

Төлөөлөгч асуудал хэлэлцэн батлахад таслах эрхтэй оролцох, Хурлын Хороонд харьяалагдах, Хуралд тодорхой асуудал санаачлан оруулж хэлэлцүүлэх, Засаг даргад нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлаар асуулт, асуулга тавих зэрэг үүрэгтэй байхаар мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан байна.

Харин төлөөлөгч өөрийн олж авсан хувь хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх, өөр шатны Хурлын төлөөлөгч байхыг хориглосон байна.

-Тэгвэл Нийтийн Хурал гэж ямар чиг үүрэгтэй, гишүүд нь юу хийдэг хүмүүс вэ?

-Иргэдийн Нийтийн Хурал гишүүнчлэлгүй гэх үү дээ, гишүүн нь тухайн баг хорооны харьяат иргэд юм. Иргэд баг, хорооны түвшинд тулгамдаж байгаа асуудлаа Нийтийн хурлаар хэлэлцүүлэх, Нийтийн хурал түүнийг зохих шатны Хуралд хэлэлцүүлэхээр уламжлах, хууль, улс, аймаг, сумын шийдвэрт тухайлан заагаагүй асуудлаар бие даан шийдвэр гаргах, хадлан, бэлчээр, тариалан, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, байгаль орчны тэнцвэрт байдалд тавих иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар иргэдийн нийтийн Хурлаас шийдвэр гаргах эрхтэй.

-Иргэдийн Төлөөлөгчдийн хурал манай гэрийн өмнөх зам, гэрэлтүүлэг, худаг ус гэх мэтэд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гаргадаг уу?

-Тийм шийдвэр гаргана. Тухайлбал, тэдгээрийг шинээр байгуулах болон ашиглалтын үеийн зардлыг тухайн нэгжийн төсөвт тусган баталж, санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэнэ.

-Сумдад багийн нийтийн хурал гэхээр хамаатан саднаараа цуглаад нэгийгээ сонгочих тухай ойлгох нь ч бий.

-Ийм үзэгдэл их түгээмэл. Гэхдээ цаашид иргэдийн зөвлөл байгуулан ажиллуулах замаар олон хамаатан садантай нь бус мэдлэгтэй, чадвартай, олны хүндлэл хүлээсэн хүн багийн Засаг аргаар сонгогдох ирээдүй их хол биш байх аа.

-Иргэд сонгох эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлдэг. Иргэдийн хувьд энэ нь хэр ач холбогдолтой вэ. Өөрөөр хэлбэл, сонгогдож ажиллах хүмүүс нь дугаар хорооны иргэн надад ямар хамааралтай вэ?

-Иргэд сонгох эрхээ эдэлж, Хурлын төлөөлөгчийг сонгох нь иргэний хувьд маш их ач холбогдолтой. Харин энэ ач холбогдлыг тултал нь ойлгож саналаа өгч байгаа эсэхэд асуудлын гогцоо бий. Ер нь иргэн өөрийнхөө төлөөллийг Хуралд сонгон суулгаж, тэр миний өмнөөс шийдвэр гаргана гэж бүрэн дүүрэн ухамсарлаж сонголтоо хийх учиртай. Иргэдийн хувьд улсын Их Хурлын гишүүнээс Хурлын төлөөлөгчдөө ойр байж, тулгамдсан асуудлаа түүгээр дамжуулан шийдвэрлэх нь илүү шуурхай, бэрхшээл багатай гэдгийг ойрын ирээдүйд ухаарч ойлгох биз ээ.

-Хүмүүс Улсын Их Хурлыг өөрийг нь төлөөлөх байгууллага гэдэг нийтлэг ойлголттой. Харин орон нутгийн сонгуульд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна гэдэг судалгааны дүн байдаг юм билээ. Судлаачийн хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Цаг хугацааны л асуудал даа. Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг дангаараа эдэлдэг. Түүний баталсан хууль иргэдийн ашиг сонирхолд нийцэж байна уу, үгүй юү гэдэг нь чухал болохоос иргэнийг шууд төлөөлдөг этгээд гэхэд арай л холдоно. Харин Хурлын төлөөлөгч бол илүү ойрхон, иргэдийн нийтлэг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах эрх зүйн боломжоор хангагдсан этгээд юм.

-Орон нутгийн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, төлөөлөгчөө сонгох нь иргэдэд хэр ач холбогдолтой бол?

-Энд дахиад л нөгөө улс төрийн намын нөлөөлөл иргэдийг орон нутгийн Хурлын сонгуульд ач холбогдол өгдөг байхаас хөндийрүүлээд байж болох талтай. Иймээс ялангуяа сум, дүүргийн Хурлын сонгуульд тухайн сум, дүүргийн иргэдийн дунд нэр хүнд бүхий иргэдээс бүрдсэн сонгогч иргэдийн зөвлөлийг байгуулан ажиллуулж, дараагийн сонгуульд нэр дэвшүүлж өрсөлдүүлэх хүмүүсийг улс төрийн намын харьяалал харгалзахгүйгээр эртнээс судалж, бэлтгэдэг журамд шилжээсэй гэж хүсэж байна.

Орон нутагт улс төрийн намын албаны үг хэллэгтэй хуурай хөтөлбөрөөс илүүтэйгээр таны, миний эрх ашгийг хөндсөн тулгамдаж байгаа асуудлаар дэвшүүлсэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр чухал гэж үзнэ. Харин энэ хөтөлбөрийнхөө үзэл санааг Хурлынхаа хэлэлцэх асуудлын хүрээнд хамруулж, шийдвэрлүүлэх нь тухайн нэр дэвшигчийн арга барил, овсгоо самбаатай холбоотой.

-Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Орон нутгийн сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоотой адил болгох шаардлага байгаа юу?

-Ийм шаардлагыг олж харахгүй байгаа. Орон нутгийн Хурал улс төрийн ашиг сонирхлыг илэрхийлэхгүй, тухайн нутаг дэвсгэрийн харьяат иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэсэн Төлөөлөгчдөөс бүрдэнэ гээд хуульд заасан учраас орон нутгийн сонгууль мажоритар тогтолцооны дагуу явуулахад зарчим алдагдахгүй гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
Г.БАЯРСАЙХАН: МАНАЙ НАМ БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭГЧ, ЛОМБАРДНЫ ДЭЭР… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТУРКМЕНИСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛ… Өчигдөр
МАРГААШ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖИЛЛАХГҮЙ Өчигдөр
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН ПРОКУРОРЫН ШААРДЛАГЫН ТОО ӨСЖЭЭ Өчигдөр
УЯАЧ Л.ЦАНДЭЛЭГ "OOGII" БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ О.ОЮУНЦЭЦЭГТ ЗАЛИЛУ… 2024/10/09
ИХ БАГТААМЖИЙН 31 УРТ АВТОБУСЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ 2024/10/09
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХ… 2024/10/09
БУСДАД ДЭЭРЛЭХҮҮЛЖ БУЙ БИЧЛЭГ НЬ ЦАХИМД ЦАЦАГДСАН ХҮҮГ JET SCOOTER-ИЙН… 2024/10/09
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 84 САЯ МОД ТАРЬЖ, УРГУУЛЛАА 2024/10/09
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ШУУДАНГИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2024/10/09
МАЛЫН БЭЛЧЭЭРЭЭ БУЛААЦАЛДСАН МАЛЧИД НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ 2024/10/09
СҮҮ ТӨСӨЛД 18.8 МЯНГАН ХҮҮХЭД ХАМРАГДАЖ БАЙНА 2024/10/09
ЗӨСҮТ: BLUE SKY-ААР ҮЙЛЧЛҮҮЛЭГСЭД БОЛОН АЖИЛЧИД ТАРВАГАН ТАХЛЫН ХАЛДВА… 2024/10/08
ЯАРМАГИЙН 4.8 КМ ЦЭВЭР УСНЫ ҮНДСЭН ШУГАМЫГ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НД ШИНЭЧ… 2024/10/08
БОЛИВИ УЛСАД ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДЭГДЭЛТ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД Х… 2024/10/08
ШУУРХАЙ: ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДС… 2024/10/08
​ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХЭН ГЭХЭД ХӨРС ХӨЛДСӨН БАЙНА ГЭЖ МЭРГЭЖЛИЙН Б… 2024/10/08
#BRANDTREND20K АЯН БАГАНУУР ХК-НД ӨРНӨЛӨӨ 2024/10/08
ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ БОЛЖ БАЙНА 2024/10/08
ӨНӨӨДРИЙН ДОТОР ӨМНӨХ САРЫН ХУДАЛДАН АВАЛТЫН НӨАТ-ЫН БАРИМТАА БҮРТГҮҮЛ… 2024/10/08
УЛСЫН ХЭМЖЭЭНД 90 ГАРУЙ СУМДАД ДЭД БҮТЭЦ ШИЙДЭГДСЭН Ч БАРИЛГАЖИЛТ ХАНГ… 2024/10/08
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОХООР ШИЙДВЭРЛЭ… 2024/10/08
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД МУУДАЛЦАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ 2024/10/08
ЭХЭМҮТ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХАМТ ТӨРДӨГ 10 ӨРӨӨТЭЙ БОЛЖЭЭ 2024/10/08
ИРГЭН Г.ГАН-ОЧИРЫГ МОНГОЛ УЛСАД АВЧРУУЛАХААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД Х… 2024/10/07