Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024” гүйлтийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төв” дэмжиж оролцсон тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн санал, хүсэл мөрөөдлийг сонсох “Хүслийн хайрцаг” ажиллуулахад оролцогч хүүхдүүдээс нийт 79 хүүхэд өөрсдийн санал, хүсэл, мөрөөдлөө бичиж үлдээлээ.
“Хүслийн хайрцаг”-т хүслээ ирүүлсэн хүүхдүүд “Улсын, хувийн хэвшлийн гэдгээс үл хамаарч ерөнхий боловсролын бүх сургуулиуд үнэ төлбөргүй болоосой”, “Ерөнхий боловсролын бүх сургуулийн 1 дүгээр ангиас англи хэлийг үнэ төлбөргүй заадаг болох”, “Ялгаварлан гадуурхаж, гадаад үзэмж, төрхөөр нь дээрэлхдэггүй байгаасай”, “Сурган хүмүүжүүлэгч, багш нь сурагчдаа ялгаж харьдаггүй байгаасай”, “Автозамын түгжрэлийг бууруулна уу”, “Эх дэлхийдээ хог битгий хаяач”, “Гэр бүлийнхэнтэйгээ хамт утаа, угааргүй Монгол Улсад амьдармаар байна”, “Бага, дунд ангийн сурагчдын үдийн цайны чанаржуулах”, “Ахлах ангийн хүүхдүүдэд ч үдийн хоол өгмөөр байна” гэх мэтчилэн өөрийн хүсэл мөрөөдөл, санал хүсэотээ бичиж үлджээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүслийн хайрцаг”-т хүслээ үлдээсэн хүүхдүүдийн захидлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлээд байна.
Ингээд хүүхдүүдийн санал, хүсэлтээс түүвэрлэн хүргэе.
САНАЛ, ХҮСЭЛТ- 1:
Сайн байна уу, Эцэг эх, асран хамгаалагч, Ерөнхий сайд, ард иргэдээ,
Зургадугаар сарын 1-ний өдөр буюу Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр хүүхэд бүр аз жаргал, баяр баясгалантай байдгийг бид бүхэн сайн мэднэ. Гэхдээ та бүхэн үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй, сайн сайхан болгохын тулд усаа хайрлаж, гамнан, байгалиа хамгаалж, бие биедээ тусалж, нэгэндээ өс санахгүй байхыг би уриалж байна.
Тэгж байж хүүхдүүд бидний ирээдүй гэгээлэг байх болно. Бас хуучирсан арга барилыг шинэчилж, орчин үеийн шинэ арга барилтай болгохыг хүсэж байна.
Мөн хүүхэд бүхэн сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаг байгаасай гэж хүсэж байна. Миний хүсэл ингээд л боллоо. Ерөнхий сайд аа, та миний хүслийг заавал биелүүлж өгөөрэй.
САНАЛ, ХҮСЭЛТ- 2:
Сайн байна уу?. Би сэтгүүлч А.Уянга байна. Би өсвөр насны хүүхдүүдэд зориулсан “Охидын подкаст” /Girls podcast/ хийдэг. Миний ойрын мөрөөдөл, зорилго гэвэл, ирэх 2025 ондоо багтаж хүүхдийн эрхийн чиглэлээр дагнасан медиатай болох. Манай улсад хүүхдийн эрхээр дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл, мэдээллийн байгууллага байдаггүй. Одоогоор хүүхэдтэй холбоотой yolo.mn сайт л байна. Тиймээс хүүхдийн хэвлэл мэдээллийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг танаас хүсэж байна. Та бүхнийг хүндэтгэсэн сэтгүүлч, редактор А.Уянга
САНАЛ, ХҮСЭЛТ- 3:
Миний хүсэл бол маш энгийн. Дугуйн замуудыг олшруулж, томруулж, хөгжүүлж өгөхийг хүсэж байна. Явган хүний замаар дугуй, скүтер, ролик гэх мэт зүйлстэй явах боломж хомс. Яагаад гэвэл явган хүн явган хүнийхээ замаар зорчих ёстой шүү дээ.
Бас дахиад нэг зүйл хэлмээр байна. Ах, эгч нар аа, аав, ээж үү дээ, соёлтой байгаач ээ, явган хүний зам дээр машинаа тавихаа болиоч ээ. Сүүлд нь авлига авахаа болиоч ээ гуйя. Манай гэр бүлийнхэн сар болгон татвар төлдөг. Тэр татварын мөнгөнөөс идээд байна шүү дээ. Мөн сонгууль болох үед нэр дэвшихдээ гоё гоё юм л хэлдэг. Тэрийгээ мөн үнэн бөгөөд хэлсэн зүйлээ биелүүлээч ээ гэж хүсье. Би бас ангидаа дээрэлхүүлдэг. Хөвгүүд маань ялгаварлан гадуурхаж, цохиж, хүний хувийн эд зүйлсийг дураараа авдаг. Мөн тэрийг зогсоогооч ээ.
САНАЛ, ХҮСЭЛТ- 4:
Намайг Хонгор гэдэг. Хүүхэд бол хайр аз жаргал юм. Гэхдээ энэ аз жаргалаа хайрлах ёстойг эцэг, эхчүүд ойлгодог байгаасай. Ирээдүйд аав, ээж болох хүүхэд, залууст хүүхэд төрүүлэх, өсгөх, хүн болгох нь маш том хариуцлага гэдгийг ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуульд суралцаж байх үеэс нь зааж, ойлгуулахыг хүсэж байна. Тэгвэл залуучууд “Гэр бүл болох нь тоглоом биш” гэдгийг бага наснаасаа ойлгоно. Дагаад гэр бүл төлөвлөлтөө хариуцлагатай ханадаг. Эцсийн дүндээ хүүхэд бүр элэг бүтэн амьдрах, аз жаргалтай байх орчин бүрдэх юм. Би үүнийг л хүсэж байна. Сурагч Хонгор. Бас хүүхдийн хүмүүжилд хүүхэдтэйгээ харьцах, сонсох соёл ихээхэн ач холбогдолтойг, аав, ээж байхын үүрэг, хариуцлагыг ойлгуулах сургалт, олон нийтийн арга хэмжээг олноор зохион байгуулдаг байгаасай гэж хүсэж байна.
САНАЛ, ХҮСЭЛТ- 5:
Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ХЭҮК-т баярлалаа. Ирээдүйд бага ч гэсэн өөрчлөлт авчруулахын тулд эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрхийн талаарх хичээл оруулах нь зүйтэй гэж бодож байна. Дээр нь Нийгмийн ухааны хичээлийн цагаар үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголт өгөх хэрэгтэй хичээл заадаг байгаасай гэж хүсэж байна.
САНАЛ, ХҮСЭЛТ- 6:
Би ангийнхаа шилдэг нь болохыг хүсдэг. Гэхдээ миний хамгийн их хүсдэг зүйл бол ангийн маань хөвгүүд гоё зантай болоосой гэж хүсдэг. Учир нь манай ангийн хөвгүүд охидуудыг дээрэлхдэг. Тиймээс л би үүнийг “Хүслийн хайрцаг”-т бичиж байна.
Би яагаад ангийнхаа шилдэг нь болохыг хүсдэг бэ гэвэл ангийн найз маань маш сайн сурдаг учир намайг муу сурлагатай гэж хүүхдүүд шоолдог. Би муу сурлагатай биш учраас түр үг надад муухай санагддаг. Надад дахиад нэг том мөрөөдөл бий. Энэ нь Монгол Улс минь хөгжөөсэй гэдэг хүсэл, мөрөөдөл. Биелэнэ гэдэгт итгэж байна.