Өчигдрийн сонсголоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэлийн асуудал дээр төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, мэдээллээ харилцан солилцдоггүй нөхцөл байдал илэрхий болсон.
Тухайлбал хувь иргэн дээр олгочихсон суурьшлын бүс дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл давхардуулж олгосон, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон газар дээр суурьшлын бүс бий болгож газар олгосон нөхцөл байдал гарсан байна. Мөн соёлын өв бүхий газруудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон зөрчил тогтоогдсон. Тэр дундаа ЮНЕСКО-ийн соёлын өвийн бүртгэлд орсон соёлын өвүүдтэй газарт давхцуулж тусгай зөвшөөрөл олгосон, усны хууль зөрчсөн, хууль ёсны тусгай зөвшөөрөлгүй, ордгүй компаниуд экспорт хийсэн, татвар төлөөгүй, АМНАТ төлөөгүй зөрчлүүд илэрчээ.