Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт өмгөөлөгч, хуульч Г.Батбаяр нас барсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдуулсан үйл явдал байлаа.
Гэрээсээ гараад тав хоног холбоо бариагүй тул түүний ойр дотныхны өгсөн мэдээллээр цагдаагийн байгууллага өнгөрсөн баасан гарагт түүнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тухайн өдрийнхөө орой нь Богдхан уулын орчим дахь автомашины зогсоолд, машин дотроо нас барсан байдалтай байсныг олсон.
Зарим эх сурвалжууд түүнийг гэрээслэл бичин, амиа егүүтгэсэн байдалтай олдсон талаар мэдээлж буй.
Уг хэрэгт холбогдуулж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 10 хүнийг мөрдөн шалгаж эхлээд байгаа аж.
Одоогоор цогцост задлан шинжилгээ хийсэн. Өөрөө өөрийгөө буудсан, эсвэл бусдын гарт амиа алдсан эсэхийг цагдаагийн байгууллагаас эцэслэн мэдэгдээгүй байна.