Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран “Бүргэдийн баяр-2024” наадмыг гуравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрлөөр явагдсан. Энэ удаагийн баярт Баян-Өлгий аймгаас 20 бүргэдчин оролцлоо.
Төв Азийн нүүдэлчдийн дунд 6,000 жилийн тэртээгээс хадгалагдан ирсэн бүргэдээр ан хийх соёлыг өвлөн тээж, хойч үедээ уламжлуулж буй бүргэдчидтэй цөөн хором ярилцсаныг хүлээн авна уу.
Б.ХАЙСАН: БҮРГЭД БОЛ БУРХНААС КАЗАХ ТҮМЭНД ӨГСӨН ОНЦГОЙ БЭЛЭГ
Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Та бүргэд гаршуулаад хэдэн жил болж байгаа вэ? Энэ таны хэд дэх бүргэд вэ?
Би Баян-Өлгий аймгийн Сагсай сумын харьяат. Намайг Бүргэдхааны Хайсан гэдэг. Би 5 дахь үеийн бүргэдчин. Бүргэдийг 49, 50 дахь жилдээ барьж байна. Би 15 наснаасаа эхлээд барьсан. Цэргийн гурван жил тасарснаас бусад жилүүдэд өв ёс залгамжлан бүргэд барьж байна. Бид бүргэдийг тахин шүтэж, гэр бүлийн нэг гишүүн мэт хайрлан хамгаалдаг. Хаантны хаан, тэнгэрлэг амьтан болохоор бид нар энийг өв ёс залгамжлан барьж ирсэн. Улаанбаатар хотноо зохиогдож байгаа энэ Бүргэдийн баярт 18 дахь удаагаа оролцож байна. Анх 2007, 2008, 2009 онд Тэрэлжид болсон бүргэдийн баярт түрүүлж байлаа. Дараа нь 2 3 дугаар байр гээд. Би өсвөрийн бүргэдчидийн өвлүүлэгч, их багш нь.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд хамгийн олон бүргэдтэй нь манай Сагсай сумынхан. Ойролцоогоор 60 бүргэдчин байгаагийн 57,58 нь миний шавь нар.
Би Монголын иргэн, Казах хүн болж төрснөөр бахархдаг. Учир нь гэвэл манай Монгол эх орон их сайхан тайван, цэвэр агаартай, сайхан тунгалаг устай, байгальтай. Ер нь би төрсөн нутагтаа, Монгол эх орондоо хайртай хүн.
Өөрийн тань хүүхдүүдээс таны энэ бүргэд гаршуулах арга ухааныг өвлөөд явж байгаа хүүхдүүд байгаа юу?
Байгаа байгаа. Би дөрвөн хүүхэдтэй. Гурав нь залуу, нэг нь охин. Тэд нар маань ч бүргэдийн тэмцээнд оролцоод явдаг. Охин минь түрүүлж байсан удаатай. Одоо миний гар дээр байгаа хамгийн хэнз хүү Хулганат минь мөн бүргэд барина. Ач хүү минь бас бүргэд барьдаг. Ач хүү маань өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баярт хоёрдугаар байранд орсон.
Өнгөрсөн жил энд зохион явагдсан бүргэдийн баярт би 3 дугаар байрт орсон. Харин миний хоёр шавь нэг, хоёрдугаар байрт орсон. Шавь нар минь түрүүлж байхад би өөрөө ч найрын 5-д орлоо хэмээн бахархаж л байлаа. Өнөөдөр ч гэсэн миний шавь нар их гоё амжилттай оролцож байна.
Бүргэдийг хэрхэн гаршуулдаг вэ? Нэг бүргэдийг ойролцоогоор хэр удаан барьдаг вэ?
Бүргэд бол тэнгэрийн, зэрлэг, махчин амьтан. Үүнийг бид бурхан тэнгэрээс Казак үндэстэнд өгсөн онцгой бэлэг гэж ярьдаг. Гэрийн нэг гишүүн мэт хайрлан хамгаалдаг. Бүргэдийг бид гурван янзаар авдаг.
Нэгдүгээрт дэгдээхэй байхад нь үүрнээс нь авна. Хоёрдугаарт ан их идээд хэт цадахаараа бүргэд нисэж чадахгүй болчихдог. Энэ үед нь барьж авдаг. Мөн тороор юмуу хавхаар барьж авдаг. Бүргэд гурав, дөрөвдүгээр сард өндөглөнө. Тэгээд долоо, найман сард дэгдээхэйг нь авна. Бүргэд хүн амьтан очиж чадахааргүй газар өндөглөдөг учир авах нь их аюултай байдаг. Барьж авсан дэгдээхэйгээ хүн амьтан харахааргүй тусдаа өрөөнд байлгаж байгаад найм, есдүгээр сараас гарт барина. Тэгээд л сургаад, дасгаад авах ёстой.
Б.БАУРЖАН: НЭГ БҮРГЭДЭЭ 10 ОРЧИМ ЖИЛ БАРИАД БАЙГАЛЬД НЬ ТАВЬДАГ
Таны хувьд бүргэд гаршуулаад хэр удаж байгаа вэ? Ер нь бүргэдтэй ажиллах хэцүү юу?
Манай аав бүргэдчин. 65 настай хүн бий. Би бүргэд бариад 20-иод жил болж байна. Би Баяг-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас ирсэн. Чингис хааны хүрээнд зохиогддог энэ баярт 4 дэх удаагаа ирж оролцож байна.
Та 20 жилийн хугацаанд ер нь хэчнээн бүргэдийг яг өөрөө гаршуулж байна вэ? Энэ таны хэд дэх бүргэд вэ?
Энэ миний 6 дахь бүргэд. Өмнө нь 2 бүргэд байгаль тавьсан. Одоо байгаа энэ бүргэд маань гурван настай. Би энэ бүргэдийг 1 настай байхаас нь гаршуулсан. 0йролцоогоор 10 жил бариад байгальд нь тавина.