Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдийг прокурорын байгууллагаас үл зөвшөөрөн эсэргүүцэл бичиж, шийдвэрлэгдсэн байдлыг тоймлон хүргэе.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 48 ХҮНИЙ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСНЫГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ЭСЭРГҮҮЦЖЭЭ
Бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокуророос дээрх 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн. Хурал 2024.03.07-ны өдөр зарлагдсан байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ДАХИН ШҮҮНЭ
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.10.24-нд хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн бөгөөд хурал 2024.03.06-ны өдөр зарлагдсан.
УИХ-ЫН ГИШҮҮН, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН З.БАЯНСЭЛЭНГЭ НАРЫН ХЭРГИЙГ АХИН ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэж үзэн эсэргүүцэл бичсэн байдаг. Үүнийг нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.17-нд хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон байна.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧООР АЖИЛЛАЖ БАЙСАН Т.БАТМӨНХ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖЭЭ
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.09.15-нд хэргийг хэлэлцэж, Т.Батмөнхийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос үүнийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичжээ. Тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр болсон.
ХӨСҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.09-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийн зарим заалтыг хүлээн авсан боловч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Д.ХУЯГ-ОЧИР НАРЫН 24 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ ПРОКУРОРООС ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын авто замын шалган нэвтрүүлэх заставын хангалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Д.Хуяг-Очир нарын 24 хүнд холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.06-нд хэлэлцэж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн боловч тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Тиймээс прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд 2024.03.04-нд эсэргүүцэл бичиж хүргүүлжээ.
Д.КЁКШҮЮЗАНБАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРААГҮЙ БАЙНА
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкшүюзанбатбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023.12.01-ний өдөр хурал зарлагдсан боловч хойшилжээ.
Т.БАДАМЖУНАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ПРОКУРОРООС ҮЗЖЭЭ
Шувуу ажиллагааны хүрээнд авчирсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.03-нд хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан. Прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичиж 2024.03.06-нд хүргүүлжээ.
ШӨХТГ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН О.МАГНАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСНЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.01.12-нд хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос үүнийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2024.02.06 хүргүүлсэн, одоогоор хурал ороогүй байгаа аж.