Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан ачааны автомашин, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны даргын жолоодож явсан жийптэй шүргэлцсэний улмаас гааз алдагдан дэлбэрсэн. Үүний улмаас аврагч-гал сөнөөгчид болон жирийн иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон гал өнгөрсөн сарын 24-нд гарсан билээ.
Өдгөө эл хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба болон дүүргүүдийн Цагдаагийн газрын 115 мөрдөгч шалгаж, Нийслэлийн, Тээврийн болон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын дөрвөн прокурор хяналт тавьж буй юм. Тэгвэл үүнээс өмнө Дархан-Уул аймагт шатахууны агуулах дэлбэрч маш их хэмжээний гал гарч, гурван ч хүний амь үрэгдсэнийг уншигчид санаж байгаа. “Тэспетролиум” компанийн Дархан-Уул аймаг дахь нефтийн бүтээгдэхүүний агуулахад 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд гал гарч тус аймаг дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр анги, Сэлэнгэ, Орхон дахь Онцгой байдлын газрын харьяа ангиуд, Улаанбаатар хотоос 10, 26, 63 дугаар ангийн гал сөнөөгчид хөөсөөр гал унтраах тусгай зориулалтын машинтай очиж найман цаг гаруй ажиллаж байж унтраасан билээ. Тус аймагт гарсан галын хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнхтэй ярилцлаа.
-Дархан-Уул аймагт “Тэспетролиум” ХХК-ийн шатахууны агуулахад гарсан галын улмаас хүний амь эрсэдсэн, бас өмнө нь ч орон сууцад галын аюулгүй байдал алдагдаж иргэдэд ихээхэн хохирол учирч байсан шүү дээ. Юунаас болж ийм ноцтой гал гарч ихээхэн хэмжээний хохирол учрав?
-Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн онд гал түймрийн улмаас хүний амь эрсэдсэн, иргэн, хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан тохиолдол цөөнгүй гарсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн эрх зүйн мэдлэг болон галын аюулгүй байдал, шатах тослох материалтай харилцах талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн талаасаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдгийг сэрэмжлүүлэг болгож хүргэе.
Иргэд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжийн агуулахын хашаанд 12 метр өндөртэй, 2000 тн-ын багтаамжтай, 657 орчим тн шатахуунтай саванд хэмжилт хийх явцад дэлбэрч, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг мартаагүй. Үүнд аймгийн Прокурорын газраас хяналт тавьж ажилласан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал МNS 4633:2006 стандартад заасан, шатахуунд уусдаггүй, хэмжилтийн явцад металлтай харьцахад оч үсэрдэггүй материалаар хийсэн хэмжих хэрэгслийг ашиглаагүй, уг стандартыг зөрчсөний улмаас шатахууны агуулахад гал түймэр гарсан хэмээн урьдчилсан байдлаар тогтоосон байдаг. АИ-92 бензин бол шатах тослох материал. Тухайн материалын молекул бүтэц нь халуунд халснаар тодорхой хэмжээнд тэлж ихэсдэг, хүйтэнд хөрөхөд агшиж багасаж байдаг онцлогтой. АИ-92 нь халуунд их, хүйтэнд бага хэмжээгээр, нүдэнд харагдахгүйгээр агаарт ууршдаг, дэгдэмхий шинж чанартай. Үүнээс шалтгаалж шатахуун түгээх станцуудын ойр орчимд маш их хэмжээний бензин ууршсан хэлбэрээр агаарт тархсан байдаг. Тиймээс тухайн орчинд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг заавал унтрааж байх, мөн бензиний хоолой буюу бууг хийн савны дүүргэгч хүзүүнд бүрэн байрлуулах зэргийг анхаарах шаардлагатай юм билээ. Тухайн орчинд бяцхан оч гарахад л ууршсан бензинийг асаах аюул дагуулж байдаг.
-Шүүх “Тэспетролиум” компанийн шатахууны агуулахад гарсан галын хэргийг шийдвэрлэсэн байх аа?
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны есдүгээр сарын 6-нд хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг нь прокуророос тухайн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Ж.З, эрхлэгч Б.С, ажилтан Г.Б нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-2 дахь заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм. Өөрөөр хэлбэл, тэднийг осол болох үед ажил үүргээ гүйцэтгэж байсан Ө.Н, Н.О, Ц.Д нарын амийг болгоомжгүйгээр хохироосон хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүхээс тухайн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Ж.З-т холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан. Харин Б.С, Г.Б нарт нээлттэй хорих байгууллагад нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн.
-Үүнээс гадна “Өргөө” кинотеатрт гал гарсан шүү дээ. Шалтгаан, нөхцөлийг нь тогтоосон уу?
-2023 оны гуравдугаар сарын 23-нд Дархан сумын IX багийн нутаг дахь үзвэр үйлчилгээний томоохон объектод гал гарсны улмаас хуулийн этгээдэд 516 сая гаруй төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар цахилгааны уртасгагч залгуурыг үйлдвэрээс тогтоосон чадлаас хэтрүүлж, хэт ачаалалтай ашигласнаас үүдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа.
Эдгээр томоохон ослын шалтгаан нөхцөл нь иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагынхан галын аюулгүй байдлыг хангадаггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг биелүүлдэггүйтэй холбоотой. Түүнчлэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл дутмагаас шалтгаалж байна.
-Энэ он гарснаас хойш Дархан-Уул аймагт гал түймрийн хэрэг хэчнээн бүртгэгдэв?
-2024 оны эхний хоёр сарын байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд гал түймрийн дуудлага мэдээлэл 32 удаа гарсан нь өмнөх оны мөн үеэс 10-аар буюу 31 хувиар өсжээ. Дуудлагын дийлэнх хувийг ахуйн гал түймэр эзэлж байна. Үндсэн шалтгаан нь ил задгай гал, пийшин, зуух, яндангийн цонолт, цахилгааны богино холболт, тамхи, чүдэнзний галаас үүдэн гарсан гэсэн судалгаа бий. Хуульд зааснаар иргэн бүр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж, сургалт, зөвлөгөө авах эрхтэй. Үүний зэрэгцээ ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, цогтой үнс нурмаа тагтай саванд хийх, бусад хог хаягдалтай хамт хаяхгүй байх, пийшин, зуухныхаа орчныг галд тэсвэртэй материал ашиглан хамгаалах, гэр, ажлын байрны цахилгааны холболтыг мэргэжлийн хүнээр хийлгэх, ахуйн хэрэглээнд ихээр ашиглаж буй хийн зуухыг зөв хэрэглэх, суурилуулалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, ашиглалтын талаар зөвлөгөө авах зэргээр урьдчилан сэргийлэх энгийн мэдлэгийг эзэмшсэн байх нь чухал. Ингэж байж өөрийн болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэнэтийн ослоос хамгаалах юм. Зөрчлийн тухай хуульд иргэн, хуулийн этгээд нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 000, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оноохоор заасан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10, 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан байдаг.
-Удаа дараагийн галын хэргүүдээс үүдэлтэйгээр онцгой байдлын байгууллагын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай гэж иргэд олон нийтийн сүлжээнд бичиж байгаа шүү дээ. Тэгвэл галын аюулгүй байдалтай холбоотойгоор тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болох онцгой байдлын албаныхан цаашид ямар үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Дэлхий даяарчлагдан өөрчлөгдөж байна. Нийгэм асар хурдтай хөгжихийн хэрээр хууль зүйн салбарт ч мөн адил шинэ асуудлууд, зохицуулалтууд тулгамдаж байгаа. Эдгээр нь мөн сорилтыг бий болгодог. Үүнтэй яг ижил тусгайлсан чиг үүрэг бүхий онцгой байдлын байгууллага нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад галын аюулгүй байдлын талаар мэдлэг, мэдээлэл өгөхийн сацуу бие бүрэлдэхүүнээ ч мөн адил энэ чиглэлээр сургаж, дадлагажуулах нь зүйтэй гэж би боддог. Өмнө нь тохиолдож байгаагүй, томоохон объектуудад гарч, их хэмжээний гамшиг, аюул дагуулсан түймрийн талаар албан хаагчдаараа судлуулж, тухайн нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө боловсруулан, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалтад ашиглах боломжтой санагддаг.
Эх сурвалж: Өнөөдөр сонин