Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд орон нутгийн автомашинууд Улаанбаатар хотод 48 цаг дотроо хэвийн зорчоод, 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлөх зохицуулалтыг нийслэлээс авч хэрэгжүүлэх гэж байна.
Ингэхийн тулд Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй автомашинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулахаар төлөвлөжээ. Тухайн зогсоолуудад машинаа байрлуулаад хот руу орж ирэх сонголт бий болгож байгаа аж.
Уг асуудал иргэдийн эсэргүүцэлтэй тулах нь дамжиггүй. Харин үүнд Улаанбаатар хотын дарга бөгөөд захирагч Х.Нямбаатар аль хэдийн хариултаа бэлджээ.
Тэрээр: "Түгжрэлийн асуудлаа шийдсэн улс орнууд энэ мэт л хүнд шийдвэрүүдийг гаргах замаар явсан. Лондон хот төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийхэд маш том бослого гарч байсан ч асуудал нь шийдэгдсэн. Тэгэхээр бид том хотод тулгамддаг асуудлуудтай тулгарч байна. Тиймээс асуудлаас зугтаж, халшрах бус, нүүр тулан шийдвэрлэхээс өөр аргагүй" гэлээ.