Нийслэлээс 2024 онд сургууль цэцэрлэгийн хүртээмж дээр онцгой анхаарч нийт 33 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барихаар төлөвлөөд байгаа юм байна. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг зэрэг хүн амын суурьшил илүү нягтарч байгаа байршлуудад буюу Баянгол дүүрэгт “Алтай”, “Голден парк” хотхон, Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр” хотхон, “Шинэ яармаг” хороолол, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо зэрэг байршилд газар чөлөөлж, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөжээ.
Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний хамгийн гол хоёр хүчин зүйлийн нэг нь боловсролын чанар. Энэ төвлөрлийг сааруулах, боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд хотын захын сургуулиудын боловсролын чанарыг илүү хүртээмжтэй болгох дээр бодлого гарган ажиллаж байгаа талаараа албаны эх сурвалж дурьдлаа. Энэ жил сургууль, цэцэрлэг барьж, байгуулахад 160 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд НЗДТГ-аас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгох төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.