Монгол Улсын Засгийн газрын 2023 оны ОНЦЛОХ 20 АЖИЛ

admin@Rec.mn
2024/01/08

Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан 2023 оны зорилтуудаа хэрэгжүүлснээс гадна авлигын эсрэг тэмцэл, ковидын дараах, дэлхийн геополитикийн хүндхэн сорилттой үед эдийн засгаа сэргээхэд голлон анхаарч ажиллав.

2023 оныг ”Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ. Хөгжлийн банкыг дампуурах эрсдлээс гаргахын тулд олон жилийн турш “луу унжсан” чанаргүй зээлүүдийг буцаан төлүүлэх ажлыг амжилттай хийлээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.6 их наяд төгрөгт хүрч, буруутай этгээдүүдийг хууль, шүүхийн өмнө дуудлаа.  Авлигын эсрэг тэмцлийн үр дүн эдийн засагт шууд нөлөөлж, Засгийн газар олон жил хуримтлагдсан гадаад өрүүдээ төлж, цалин, тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох эх үүсвэрийг бүрдүүлсэн.

“Нүүрсний хулгай”-тай сүүлийн хоёр жил тууштай тэмцэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилж ажиллуулснаар 2023 онд нүүрсний далд эдийн засгийг хумьж, олборлолт, тээврийн гэрээг хөшигний цаана “наймаалцдаг” буруу жишгийг халлаа. Нүүрсний борлуулалтыг цахим биржийн системд нэвтрүүлэн олборлолт, экспортын хэмжээг түүхэнд байгаагүйгээр өсгөж, компанийн хуримтлагдсан өр, авлагыг нэг мөр цэгцэллээ. Улмаар иргэн бүрд 1072 хувьцаа олгох түүхэн боломжийг бүрдүүллээ.

Товчхондоо, авлигын эсрэг тэмцлийн үр дүнд эдийн засгийн өсөлт, төсвийн тэнцэл ашигтай гарч, Монгол Улсад 2012 оны үед тохиож байсан эдийн засгийн огцом өсөлт эргэн ирээд байна.

“Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт зэргийг Засгийн газраас санаачилж УИХ-аар батлууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 онд хэрэгжүүлсэн энэ ажлуудаас онцлох томоохон 20 ажлыг хүргэж байна.

“АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЛЭЭСЭЭ УХРАХГҮЙ...”

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ажиллагааг түүхэнд анх удаа манлайлж, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор өргөн хүрээнд ажиллаж байна. Хөгжлийн банкны хэрэг, “Нүүрсний хулгай”-н сонсголыг ард түмэнд нээлттэй, ил тод зохион байгуулахад Засгийн газар анх удаа шүгэл үлээсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индрээс үг хэлэхдээ “Авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдгээ удаа дараа мэдэгдээд байна.

“5Ш” ажиллагаа

1. Шүгэл ажиллагаа

2. Шүүр ажиллагаа 3. Шувуу ажиллагаа 4. Шилжүүлэн авах ажиллагаа 5. Шил ажиллагаа

“5Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн 30 жилийн ужиг тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөө ёс зүйгээр манлайлах жишиг тогтоох зорилготой юм. Сүүлийн жилүүдэд улсын хилээр гарч зугатаасан, гадаадаас авчрах шаардлагатай 92 хүний нэрсийг “Шувуу” ажиллагаагаар олон нийтэд зарласан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авчрах бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна.

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ПАРЛАМЕНТЫН 126 ГИШҮҮНИЙГ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГОНО

Засгийн газраас санаачлан өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулав. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцсоноос 66 нь дэмжиж, 97.2 хувийн саналаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дэмжигдсэн юм. Энэ удаа Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, парламентын гишүүний тоог 126 байхаар тусгаж, тогтолцооны өөрчлөлт хийлээ.

УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах, УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор өөрчиллөө. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болсон.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд сонгуулийн тойргийг томсгон бүсчилж, холимог тогтолцоогоор явуулж, 13 тойрог болгохоор боллоо.  Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах, жалга довны бус улс орны хөгжлийн төслүүдийг “хөдөлгөх”, сонгодог парламентыг бүрдүүлэх сонгуулийн тогтолцооны шинэ реформ юм. УИХ-д суудалтай улс төрийн намууд ч уг реформыг дэмжихээ илэрхийлээд байна.

ХӨГЖЛИЙН БАНКЫГ ДАМПУУРЛААС АВАРЛАА

Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамнаас тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргүүлж төлүүлээд байна.

Засгийн газраас бодлогын оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.

Мөн “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн нээлттэй сонсголыг явуулахад Засгийн газар анх удаа “шүгэл үлээсэн”. Улмаар нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн анхан шатны шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Шүүх хурал 47 өдрийн турш үргэлжилж, 80 холбогдогчоос 32 хүнийг гэм буруутай гэж шийдвэрлэсэн.

 

НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖААГ ЖИГДРҮҮЛЖ, ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ЭКСПОРТ ХИЙЛЭЭ

Нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд оны эхний сард “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааг биржийн нүүрсний спот гэрээний дуудлага арилжааны системээр амжилттай хийв. Энэ удаагийн туршилтын дуудлага арилжаагаар 12,800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжааг амжилттай явуулсан. Энэ жишгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК  нүүрсээ биржээр дамжуулж тогтмол өндөр үнээр борлуулан, бүх төрлийн гэрээг шилэн болгосноор компанийн өр төлбөрийг барагдуулж ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ. Тус компани онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав, нүүрс тээврийг 3.5, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүллээ. Монгол Улс 2023 онд 50 сая тонн нүүрс экспортлохоор зорьж байсан. Он дуусахаас 40 хоногийн өмнө 60 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэнд байгаагүй хэмжээ юм. Өмнөх жилүүдэд Монгол Улс жилд дунджаар 30 гаруй сая тонн нүүрс экспортолж байлаа.

АВЛИГЫН ХЭРГИЙН ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАВ

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангатгасан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-аар батлууллаа.

Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр “...Халдашгүй албан тушаалтныг бүрэн эрх нь дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, дараа нь тоолж эхэлнэ”, “... Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хураана”, “...Төсвийг 10 сая төгрөгөөс дээш зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно”, “... Хахууль авах, өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гэж тус тусад нь илүү тодорхой зүйлчилсэн, “...Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй” зэрэг олон нийтэд хүлээлт үүсгэсэн чухал өөрчлөлтүүд орлоо. Хөнгөн гэмт хэрэгт шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, нийтийн албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах зэрэг гэмт хэргийг илүү нарийвчлан хуульчилсан юм.

Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгаж, хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа.

БИЗНЕСМЭНҮҮД УЛС ТӨР РҮҮ ОРОХ АШИГГҮЙ БОЛСОН

Тогтолцооны өөрчлөлтийн хөрс суурь болсон сонгодог парламентыг бүрдүүлэх, улс төрд бизнесмэнүүд олноор орж ирдэг сүүлийн 30 жилийн алдааг залруулах томоохон алхмыг 2023 онд хийлээ. Засгийн газраас санаачилж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар батлуулав. Хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж,төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг тавигдана гэдгийг тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын индрээс мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор хуульд тусгалаа.

ОЛОН ЖИЛ “ГАЦСАН” ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ-ийн хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг энэ онд эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани 2022 оны нэгдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүлэв. Ингэснээр Оюу Толгой зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдлээ. Оюу Толгойн гүний уурхай долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна. Оюу Толгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд байна.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ГАРААНААС ГАРГАВ

Импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, баруун аймгуудын хэрэглээг хангахад  Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц чухал нөлөөтэй. Гэвч сүүлийн хориод жилийн турш уг төслийг эхлүүлэх эсэх нь тодорхойгүй, сонгуулийн амлалт, улстөржилт төдийхнөөр саармагжиж ирсэн. Харин Засгийн газар 2023 онд тус станцын талаар авах арга хэмжээний тогтоолыг баталж гаргалаа. Усан цахилгаан станцын техник хяналтын зардал тав орчим сая ам.долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгах, нөлөөллийн бүсийн 1,241 иргэнд олгох нэг удаагийн нөхөн төлбөр 13.3 тэрбум төгрөгийн үлдэгдлийг 2024 онд багтаан дуусгах, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн нөлөөлөлд автах соёлын өвүүдийг хамгаалахад шаардлагатай зургаа орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгах зэрэг шийдвэрийг тусгасан юм. Ингэснээр 2023-2024 онд багтааж Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 4.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРЧ ӨСЛӨӨ

Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүрч буураад байсан. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүний, тэр дундаа нүүрсний экспортын далд эдийн засаг шилэн болж, олборлолт, нийлүүлэлт огцом нэмэгдсэнээр 2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум, арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 4.3 тэрбум ам.доллар болж гадаад валютын албан нөөц өслөө. Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөлөв.

ТӨСӨВ АШИГТАЙ ГАРЧ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЖ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРД ОЛГОЖ БАЙНА

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд төсвийн орлого дутсанаар төсөвт тодотгол хийдэг байсан бол энэ онд анх удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийсэн. Шалтгаан нь оны эхний хагаст эдийн засаг сэргэсэнтэй холбоотой. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн боомтууд сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгох, системийн авлигыг бүхэлд нь халах “5 Ш” цогц ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай эхний үр дүнгүүд гарсан юм. Нэг үгээр хэлбэл, авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрч, эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелэн эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан. Ингэснээр Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгосон юм. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэв.

МОНГОЛ УЛС 2024, 2025 ОНД БОНДЫН ӨР ТӨЛӨХГҮЙ

Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш нийт долоон бонд гарсан. Хамгийн анхны буюу 2012 онд гаргасан “Чингис” бонд төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалттай байсан. Түүнээс хойш 2015 онд нэг, 2016 онд тус бүр хоёр бонд гаргасан. Тэдгээрээр төсвийн алдагдал нөхсөн. Бондын өр төлбөрийн нөхцөл байдал хүндэрсэн 2017 оноос хойш “Хуралдай”, "Гэрэгэ", "Номад" бондыг гаргаж, өмнөх өрөө дахин санхүүжүүлсэн юм. Өнөөгийн Засгийн газар нийт зургаан багц бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авсан. Эдгээр өр төлбөрийг дараах хоёр арга замаар барагдуулдаг. Эхний шатанд төсөв өөрөө даахуйц хэмжээтэй бол шууд төлөлт хийж байна. Дааж чадахгүй хэсгийн хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг бууруулах замаар дахин санхүүжүүлж байгаа юм.

Засгийн газар энэ сард мөн 2024 онд төлөх байсан “Хуралдай”, 2026 онд төлөх “Номад” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй болж байна. Арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлж, Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна.

НИЙСЛЭЛД СҮҮЛИЙН 20 ЖИЛД ОЛГОСОН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОВ

Нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд өнгөрсөн хугацаанд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Учир нь, нийслэлд тулгамдаж буй түгжрэл, газрын наймаа зэрэг хүндрэл, бэрхшээлүүд, тухайлбал өнгөрсөн зун болсон үерийн гамшгийн эрсдэл монголчуудад томоохон сургамж болсон юм. Тиймээс нийслэлийн үе үеийн Засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар газар олгосон талаарх сүүлийн 20 жилийн /2000.01.01-2020.12.31/ түүх-баримтыг shilen.gov.mn сайтад ил тод байршууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод болоод байна.

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛЭВ

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замыг ашиглалтад оруулаад байна.

Мөн Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт эхэллээ. Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг. Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиосон. Бүтэн 70 жилийн дараа, экспортын төмөр замын хоёрдахь, гуравдахь, дөрөвдэх гарцыг үе шаттай нээж эхэлж байна. Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлж чадсанаар 30-50 сая тонн ачааг экспортлох, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэнэ.

Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОЛОО

Боловсролын зээлийн сангийн зарцуулалтын талаарх “но”-г өнгөрсөн хавар Засгийн газар олон нийтэд ил тод болгосон. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүх “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон. Энэ ажлын үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 25 тусгай сан байдгаас 21-ийнх нь мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод байршуулаад байна. Эдгээрээс  “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан” үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу улсын нууцын зэрэглэлд хамаарч байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛАА

Засгийн газраас авлигын шалтгаан, салаа мөчрүүдийн нэг бол лиценз буюу тусгай зөвшөөрлийг төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох үйл явц гэж үзээд үүнийг таслан зогсоох, ил тод, нээлттэй болгохоор шийдвэрлэсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи” УТҮГ-аас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, “E Mongolia” системээр зургаа, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ, БНХАУ, АНУ, КИРГИЗ УЛСАД АЙЛЧЛАВ

Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилго байв. БНХАУ дахь айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон.

АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, Батлан хамгаалахын сайд Остин, Худалдааны сайд Жина Раймонд, Тээврийн сайд Пит Бүтэжэйжж, НАСА-гийн дэд дарга Мэлрой нартай албан ёсны уулзалт хийв. 2024 оноос Монгол Улс-АНУ хооронд шууд нислэг үйлддэг болох, 1000 багш, 10 мянган инженерийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, тус  улсад ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, Киргиз Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

ХОТ, ХӨДӨӨГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ 2024 ОНЫ ТӨСӨВТ 21 АЙМГИЙН ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГУУЛЖ БАТЛУУЛЛАА

2024 оны төсвийн төслөө УИХ-д өргөн барихын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн есдүгээр сарын 03-29-ний хооронд 21 аймагт ажиллаж, төсөвт тусгуулах саналыг нь орон нутгийн иргэдээс анх удаа авсан. 2024 оны улсын төсвийн онцлог нь хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатай. Ирэх онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлж буй. Үүнээс гадна “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” төслийг ирэх онд хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох ажлыг эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөж байна. Энэ төслийн хүрээнд ирэх онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлнэ. Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулах бодлого, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд 2024 оны төсвийн жилийн онцлог юм.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ АШИГТАЙ ГАРСАН

Төлбөрийн тэнцэл 2022 эхний есөн сард 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны гуравдугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 791.4 сая ам.долларын ашигтай гарсан. Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний есөн сард 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 606.7 сая ам.долларын ашигтай гарсан байна. Урсгал данс ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 3.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлжээ.

АВЛИГЫН ДАГНАСАН ШҮҮХ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭВ

Засгийн газраас авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ хууль хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл болох юм.  Тиймээс Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах  зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.

Зөвхөн шүүх бус Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар зэрэг авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг олон улсын түвшинд сургаж дадлагажуулах, мэргэшсэн экспертүүдтэй олон улсын эрхзүйн хүрээнд хамтран ажиллах, авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн болон насан туршийн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх шаардлагатай байна.

Улс орон бүхэн өөр өөрийн тулгамдсан асуудлаар дагнасан шүүх байгуулдаг нь нийтлэг жишиг. Одоо дэлхийн 27 улс Авлигын дагнасан шүүхтэй байна. Энэ нь иргэдийн шүүхэд итгэж буй итгэл бөгөөд авлигын эсрэг мэргэшсэн бүтцийг өөрсдөө бүрдүүлэх боломж юм.

“WELCOME TO MONGOLIA” БА ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар манай улсад 700 мянга орчим жуулчин ирж, нэг тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбарын эдийн засагт төвлөрүүлээд байна.

Зорилтот зах зээлийн орнуудад Монгол Улсыг сурталчлан таниулах төлөвлөгөө гаргаж, олон цуврал арга хэмжээг энэ оны эхнээс салбарын яамд зохион байгуулсан. Ерөнхий сайдын ахалдаг Аялал жуулчлалын Үндэсний хороо ч онцгой анхаарал хандуулж ажилласан юм. Агаарын тээврийн гадаад, дотоодын авиа компаниудтай амжилттай хамтарч ажиллаж чадсан. Үндэсний агаарын тээврийн МИАТ компани гэхэд л онгоцны гадаад нислэгийн тасалбарын үнээ хямдруулж, дотоодын орон нутгийн  нислэгийг есөн чиглэлд сэргээсэн. Зөвхөн орон нутгийн нислэгийг сэргээснээр нислэгийн тариф 2-2.5 дахин буурч гадаад, дотоодын аялагчид төдийгүй алслагдсан бүс нутгийн иргэдийг ая тухтай зорчиход томоохон дэмжлэг болсон юм.

Эх сурвалж: Өглөөний сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18