Монголын эдийн засгийн реформ дууссан уу?

admin@Rec.mn
2021/08/25

Берлиний хана нурах үеэр Дэлхийн банкинд дэд ерөнхийлөгчийн алба гүйцэтгэж асан эдийн засагч Стэнли Фишер 1991 оны намар гаргасан “Социалист эдийн засгийн шилжилтийн явц” өгүүлэлдээ бичсэн нь:

“Төвлөрсөн төлөвлөгөөнөөс эхэлж байгаа эдийн засгууд өмчийн эрхийг  байгууллагын гаднах инстүүц, агентуудад аль болох хурдхан шилжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Эдийн засгаа гадаад худалдаанд нээж өгөх нь рациональ үнийн тогтолцоог бий болгох шилдэг зам бөгөөд энэ нь нэн ялангуяа монополжсон салбарууд, дотоодын үйлдвэрлэгчдийг олон улсын өрсөлдөөнд татан оролцуулах замаар хийгдэх ёстой юм.  Хурдтай хувьчлалын дүнд төсвийн орлого эхлээд буурч магадгүй ч өмч хурдтайгаар, эргэлт буцалтгүйгээр хувийн үйлдвэрлэгчдэд шилжсэний ашиг тус нь илүү давж гарна”.

Шууд эшлэхийн учир нь эх орны маань эдийн засгийн түүхэнд энд бичсэнийг ёсчлон дагасан бүтцийн өөрчлөлт буюу реформ хэмээх бүлэг бичигдсэн болохоор тэр юм.  Бичигдсэн ч гэж дээ, бүлэг дуусаагүй дундаа явна. Тиймд өмнөх үр дүнгээ шүүн тунгааж алдааг нь засч явах ёстой.  

90-ээд оны дэлхий ба Монгол

Аливааг  цаг үеийн агуулгад тавьж харж байх ёстойг тоть мэт давтаж ирлээ. Фишер тийм бүрэн итгэлтэй бичиж асан(starting, production гэх мэт үг хэрэглэсэн нь үнэхээр шинээр эхэлж, үнэхээр үйлдвэрлэл хөгжинө гэж итгэж байсных бололтой), манай реформ эхэлсэн 90-ээд оны эхэн үе болбоос хүйтэн дайнд либерализм, капитализм яллаа гэгдэж,  чөлөөт эдийн засгийн онолынхны цээжинд бяр амтагдаж асан үе байлаа. Эцэг Буш 1991 онд

“Дэлхий дахинд дэглэгдэж байгаа ардчиллын драмыг үзэж суухнээ одоо л нэг шинэ дэлхий ирж байна гэж санагдах юм”, “Түүнийг дэглэх цорын ганц хүч, сүүлчийн найдвар бол АНУ”

гэж хүртэл мэдэгдэж байлаа. Бяр нь амтагдсан АНУ цэрэг зэвсгийн хатуу хүч, эдийн засаг соёлын зөөлөн хүчний олон талт бодлогоор тэр драмаа дэглэсний нэг үзүүрт 1991 он гэхэд эдийн засгийн өсөлт -16 хувьд хүрч унаад байсан Монгол өртөв. Монгол шиг хаалттай, бас уналттай, , хоёр их гүрний завсар тарьсан цэцэг болох байв.

Ямар үрсэлгээ хийсэн талаарх деталь руу орохоос өмнө тухайн үе ба одоогоо нэг харьцуулж харахад гэмгүй. Тухайн үед Монгол ЗХУ-аас бараг 100% хамаарч байсан бол одоо БНХАУ-аас хамааралтай. Тухайн үед ЗХУ АНУ-тай, одоо БНХАУ АНУ-тай глобал нөлөөллийн өрсөлдөөн хийж буй. Тухай үед төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдалтай, өрөнд баригдсан эмзэг эдийн засагтай. Одоо ч түүхэн рекордоо шинэчилсэн төсвийн алдагдалтай, өрөө төлөхийн тулд хоёр чихээ юм уу таван толгойгоо огтолж өгөхөөс буцахгүй байдалтай.  Алдаж оноод ч болов реформ хийснийх ахиц дэвшил, өөрчлөгдсөн зүйлс мэдээж бий ч бидний монголчууд 90-өөд оны эмзэг эдийн засаг ба реформ эхэлж байх үетэй олон талаар төстэй гараан дээр дахин нэг ирээд байнам.  Анх гараанаас гарахдаа алдаагүй бол өнөөдөр ийм байхгүй. Алдсанаа давтвал маргааш байхгүй.  Тэр утгаараа реформын аргачлал ба түүний үр дүн бол төрийн бодлогын, судалгааны инстүүцүүд далайцтай шинжилж, чиг гаргаж явах ёстой сэдэв юм. Тийм байтал реформ эхлүүлээд 26 жил гэх хангалттай урт хугацаа өнгөрөөд байгаа атал энэ цагийн элдэв гажуудал хаанаас гаралтайг шинжлэх ажил дэндүү хангалтгүй хийгдэж байна. , нийгмийн олонхи болохоор хамгийн сууринд юу далийгаад байгааг харах ч сөхөөгүй хазайсан нийгмээ хамаг тэнхээгээрээ мөрлөж байна. Тэр зуур энд арай дэлгэрэнгүй бичсэнчлэн бүтээмжгүй эдийн засаг дахь нөөцийн төлөөх зодоон эрчимжиж, медиа тэдний нохойд барьдаг мод болохын хэрээр залхаж туйлдсан иргэдийн зүгээс юу ч л гэсэн хий, зар, үр, урагшлуул гэх хандлага гарах боллоо.

Гэхдээ яг өнөөдрийнх шиг, яг өнөөдрийнх шиг шүү, ходоод хонхолзсондоо сандраад юу ч л гэсэн хийж, юу ч л гэсэн зараад мөнгө олж үзсэн юм аа, Монгол Улс. Юугаа хэдээр зарж гүйснээ харахаар уйлмаар болдог түүхээсээ унших бяртай  уншигчдад зориулаад арай дэлгэрэнгүй сөхье.

Реформ эхэлсэн нь

Монголын эдийн засгийн реформ ОУВС-тай салшгүй холбоотой. Анх зөвхөн олон улсын санхүүгийн архитектур байсан энэ инстүүц 70-аад оноос баян орнууд сангийн нөөцийг нь хэрэглэхээ больж ирмэгц хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлогод идэвхитэй оролцоо хийх болж ирээд байснаас гадна дээр бичсэнчлэн хүйтэн дайнд ялсан талын бяр амтагдаж байсан үе. Ингээд  Фишерийн бичсэн жороор хоол хийж эхэллээ. Мөнгө зээлэхдээ жороо хамт өгдөг, түүнийг нь conditionality гээд байгаа хэрэг. ОУВС-аас улс бүрт тогтоосон квот байдаг, түүнийг давах юм бол жорыг нь авч хэрэгжүүлж байж зээлнэ. , өнөөдөр шигээ л.  1993 онд 9,3сая, 1994 онд 14,8 сая,  1996-2003 онд зарим он алгасаад жил бүр 4-8 саяын жигнэсэн валютын зээл авав. Авахын тулд жижиг том эсэн бусын болзол биелүүлж зээл авч байсны дунд хот хоорондын тээврийн автобусны мөнгийг хоёр дахин нэмэх шаардлага хүртэл тавигдаж  байсан нь 250 сая доллар зээлээд цацчих хэмжээнд хүрсэн өнөөгийн өндөрлөгөөс харахад сувирнитет улсын хувьд инээмээр ч юм шиг ханиамаар ч юм шиг түүх билээ. Ямар ч гэсэн ОУВС дараа нь өөрөө алдаа оноогоо шүүсэн байдагчлан реформын гол цөм нь өмч хувьчлал, өмчийн хөдөлгөөнтэй холбогдож байв. Эдийн засгийн гол цөм нь өмч болохоор түүнд реформ хийх ажлын гол нь өмчийн тухай байх нь нэг талаар мэдээжийн хэрэг.

Чөлөөлөхөөр улсын монополиуд дураараа үнэ тогтооно гэж үзсэн тул тэднийг яаралтай задлахын тулд цэнхэр ягаан тасалбараар масс хувьчлал хийв.   1991 оны 5 сараас өмнө төрсөн иргэнд 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 3 ягаан тасалбар, 7000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй цэнхэр тасалбар нэг ногдоно. Ягаан нь 50-аас бага ажилтантай жижиг дунд аж ахуйн хувьцаагаар сольж болно, цэнхэр нь ХК болж дахин зохион байгуулагдсан 550 орчим том аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах эрх. 1991-1994 онд энэ аргачлалаар 4500 орчим нэгж, үүнээс том аж ахуйн нэгжийн 75% орчим нь хувьчлагдсан байдаг.

Хурдан, хурдан, аль болох хурдан!!!

Хурдан, хурдан, аль болох хурдан!!! Энэ дүрмийг мөрдсөн нь ОУВС-аас тулгасан conditionality, болзлын жагсаалтыг эргээд харахад тодорхой байдаг. 1993 он гэхэд тасалбарт хувьчлалыг дуусгах, 1995 онд хувьчлалаар 2 тэрбум төгрөг олох, төлөвлөснийхөө 4-ний нэгийг бэлэн мөнгөөр хувьчлах, жил бүр хувьчлах компанийн жагсаалтаа баталж танилцуулах, 1996 онд хувьчлалаар 4 тэрбум төгрөг олох, 1997 онд 10 тэрбум, дор хаяж нэг том улсын компани хувьчилж 5 тэрбумыг олох, хувьчлахад бэлэн 10 компаниа жагсааж танилцуулах, 1999 онд Сэргээн босголтын банкыг хувьчлах гэх мэт.   Ингээд 2002 он гэхэд банкны реформ бараг гүйцэж, Худалдаа Хөгжлийн Банкны хувьчлал явагдсанаар нэг бүлэг хаагдав.  Товчдоо 1991-2003 он бол Монгол Улс нэг зуунд барьж бүтээснээ хөгжлийн төлөөх багаж биш зээлийн барьцаанд хоосорсон төсвөө цойлдох нөхөөс болгож зарж үрсэн нэг эрин байлаа.  Бүртгэлтэй өмчийн тал нь хувьчлагдаад дууссан 1994 онд  үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдаж, 1995 онд л хоёрдогч зах зээлийн арилжаа хийсэн нь зах зээл буюу инстүүцийн реформ гэдэг утгаараа сонин дараалал, түүхийн егөө байлаа.

Ийнхүү 10 орчим жил ОУВС Монгол Улсын сувирнитет төрийн бодлогод болзолт зээлээр дамжуулан гүнзгий орооцолдохдоо гай ч, гавьяа ч тарьсан. Хамгийн том гавьяа нь төрийн компаниуд банкны сектортойгоо нийлээд идсэн уусандаа орооцолдсон бөөрөнцөг болсон байсанд их цэвэрлэгээ хийж, харьцангуй бие даасан эрүүл банкны сектор бий болгож өгсөнд бий. Анхнаасаа хаипар инфляцитай, балансгүй эдийн засгийг үйлдвэрлэлийн чадамжийг нь өргөтгөх замаар биш  үнэт цаасны зах зээлээс хол бэлэн мөнгөний хувьчлал тулгахын сацуу өндөр хүүтэй хатуу бодлогоор инфляци ба эрэлтийг хязгаарлаж, гадаад худалдаанд нээлттэй орхих бодлогоор зассан нь хүчирхэг банкны сектортой, хүү өндөртэй, хөрөнгийн бирж нь ажилладаггүй, импортоос хамааралтай, үйлдвэрлэл ажил эрхлэлт багатай хэмээх Монголын эдийн засгийн хундаамыг цутгасан гэж үзэж болно.

Ингээд Төв Азийн цээжинд шинээр мэндэлсэн ардчилалд  шилдэг жороор шинэхэн хоол хийж өгөөд амсаад үзтэл нэг л болсонгүй. Болсонгүй гэж би биш өөрсдөө дүгнэсэн нь 1996 оноос хувьчлалыг дуудлага худалдааны аргад шилжүүлж, 2000-аад оноос өргөтгөсөн бүтцийн реформ хэмээх сүр нэртэй хөтөлбөрөө ядуурлыг бууруулах болгож өөрчилснөөс харж болно.  Алив ингээд нэг үз дээ гээд явж байснаа ядуурсан байна юу ч гэсэн өлсгөлгүй шиг явцгаая маягийн эргэлт гарсан хэрэг, энгийндээ.

Хурдан ба Удаан

Романтик реформ хийсэн нь ганц Монгол биш. Соц блокт байсан олон орон хурдан удаан, масс болон сонголтот янз бүрийн аргачлалаар өмчийн реформ хийж туршлага хуримтлагдахын хэрээр судалгаа ч зузаарч ирэв. Хурдан нь зөв, удаан нь зөв маягийн секс шинжлэл маягтай реформын хурд тойрсон экономистуудын маргаан яваандаа хууль ба бирж гэх мэт зах зээлийн инстүүцийн хөгжил, чанар талдаа болж шинэ судалгааны аргазүйнүүд төрөв. Хувь сайн, төр муу гэсэн хэт хялбаршуулсан догма худлаа болох нь  хэнд хувьчилснаас юу хамаарах, өмчийн хэт төвлөрөл, инстүүцгүй орчин дахь үргүй хувьчлал гэх мэт олон талын судалгаагаар харагдах болов. Посткоммунист блокт амтгүй хоол хутгахын сацуу Иракийн дайнд хутгалдсан АНУ ба түүний манлайлдаг байгууллагуудын нэр хүнд  унаж эхэллээ. Энэ зуур өмнөд хөршийн реформ амжилт олохын хэрээр Монгол бага багаар мөнгөжиж болсон болоогүй болзол ханган барин мөнгө аваад байх хэрэг багасчээ. 2009 оны хямралаар нэг гуйгаад тэгээд бие дааж, бие даангуутаа бийлэгжүү загнаж үзсэн нь саяхны түүх. Бийлэгжүү загнасан нь гэхдээ Фишерийн бүрэн итгэлтэй бичиж байсан шиг хувьд очиж, нээлттэй гадаад худалдаа, олон улсын өрсөлдөөнд чангалуулмагцаа үнэн лаг болж хувирсан компаниудын ач тус байсангүй(харин ч ихэнх нь хог болж ачигдсан нь бодит түүх).  Эсрэгээрээ өмнөд хөршийн тийм болж чадсан компаниудын авдаг түүхий эд үнэд орсных байлаа. Манай компаниуд яав? Реформ тэдэнд ямар орчин үлдээв?

Шинэ ба Хуучин,  Дээрээс ба Доороос

Шинэ хуучин амрагийн юм уу секс байрлалын тухай биш шүү.  Тасалбараар, дуудлагаар, хөрөнгийн сангаар, ажилчдад, шууд хөрөнгө оруулагчдад...гээд  30 орчим оронд олон янзын аргачлалаар хувьчлагдсан хуучин өмчийг шинжлэх судалгаа өрнөж байх зуур 90-ээд оноос хойш шинээр үүсгэн байгуулагдсан компаниуд томоохон эдийн засгийн хүч болж бүрдэж ирэв.  Хуучныг шууд төрөөс шийдэж хувьчлахыг дээрээс төлөвлөсөн хувьчлал privatization from above гэх бол зах зээлийн хөрснөөс шинэ тоглогчид үүсч, эдийн засгаа авч явах тоглогчийн хэмжээнд хөгжихийг privatization from below буюу доороос түрсэн хувьчлал гэх болов.  Реформ хийсэн эдийн засгуудыг амжилттай ба амжилтгүй гэж хоёр томхон бүлэглэвэл амжилттай нь шинэ төрсөн de novo компаниуд илүү өсөлттэй байх хандлагатай. Өөрөөр хэлбэл өмчийг хувьсгалаас  хувьд  ямар нэг аргаар хурдхан шиг шилжүүлсэн биш, харин хувийн секторт шинэ өмч үр ашигтай, хурдтай бүрдэхээр эко систем барьж чадсан байвал жинхэнэ реформ хийгдсэн гэсэн үг.

Өмчийг хувьсгалаас  хувьд  ямар нэг аргаар хурдхан шиг шилжүүлсэн биш, харин хувийн секторт шинэ өмч үр ашигтай, хурдтай бүрдэхээр эко систем барьж чадсан байвал жинхэнэ реформ хийгдсэн гэсэн үг.

Энэ утгаараа баялгийн сан, хөрөнгийн зах зээл гэх мэт инстүүцийн хөгжлийн төлөө биш бэлэн мөнгөний төлөө, зээл авах болзол байдлаар аль болох хурдан! дүрмээр хуучин хэдээ хувьд шилжүүлээд, шинэ тутам нь өсч хөгжих байтугай байгаа хэдийнх нь тэн хагас нь үүдээ барьчих жишээтэй манай улсад эдийн засгийн реформ жинхэнэ утгаараа гүйцэд хийгдээгүй байгаа гэж үзэх үндэстэй. Ер нь аливаа өмч, аж ахуйг ямар салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэхийн тулд хэнд хэрхэн хувьчлах вэ гэсэн бодлогоор биш тэдэн оны тэдэн сар гэхэд 4 тэрбумыг ол, 10 ширхэгийг хувьчил гэх мэтээр  Тэв Тэнгэр Бортуунын 888 төсөл гэдэг шиг л тэгш тоо, механик болзлоор явуулсан хуваарилалт эко систем болоогүй нь нэг бодлын мэдээжийн хэрэг.

1991 оны 5 сарын 31-нд хувьчлалын тухай хууль гарснаас хойш 25 жил өнгөрсөн өдгөө 20 тэрбум 10 өмч гэх мэт тэгш тоонуудыг төсвийн төсөл дээрээ орлого олох арга хэрэгсэл гээд ний нуугүй бичих түвшнээс төрийн бодлого ахисангүй.  Олон нийт ч ялгаагүй, хазгай өрөгдсөн эдийн засгаа хамаг тэнхээгээрээ мөрлөж буй атлаа эдийн засагт туйл үүсч, монополжих явцыг 90-ээд оны ОУВС-ын дүрд тоглож хурдал хурдал! хувьсгал л биш шүү хувьд өг гэлцэн түүхээ давтаж байна.

Реформ зогсох ёсгүй

Реформ дутуу хийгджээ гэдэг нь реформоо больё гэсэн үг огт биш ба  ГОК, Тавантолгой, Монгол Шуудан гэх мэт үлдсэн хэдэн том өмчийн хөдөлгөөнд судлаачдын зөвлөмж, Польш, Унгар, Балтийн 3 гэх мэт улсуудын практикаас суралцаж, одоог хүртэл алдсан оносноо тусгах шаардлага байгааг л сануулах зорилготой. Ямар талх барих вэ гэхээр тэгвэл талх барихаа больчих юм уу чи тэрний энэний зараал гэх мэтээр аргумент, логик гэж авахын эцэсгүй юм яриад дайраад байдаг но’хөд шиг хорлонтой эдийн засгийн алуурчид энэ улсад үгүй. Либерал хэлэлцүүлгийн садаанууд л эдийн засаг болоод өөрсдийн амьдралаа угаартай коммунизм руу түлхэж байдаг.

Одоо төлөвлөгдөж байгаа Тавантолгой, Монгол Шуудан гэх мэт өмчийн хөдөлгөөн бол түр ба бүр хугацааны менежментийн болон бусад төрлийн дээрээс төлөвлөгөөтэй хувьчлал  юм.  Тэр өмч чинь хог дээр үсэрсэн байна гэх маягийн хошин шогийн пиар хийн барин лоббидох оролдлогыг эсэргүүцэж, ил тод байдал нэхээд, ач холбогдол өгөөд байгаа маань дээрээс хийсэн хувьчлал буруу хийгдэхээр доороос түрэх хувьчлалаа дарангуйлаад байдаг болохоор тэр юм.  Төрийг хувиас илүүд үзэж байгаа хэрэг биш, хувийнханд илүү либерал орчин бүрдэхээр реформ шаардаж байгаа гэсэн үг.

Дээрээс төлөвлөсөн хувьчлал буруу хийгдэхээр доороос түрэх хувьчлалаа дарангуйлдаг.

Яаж дарангуйлдагийг тайлбарлахад уг нь нэг их онол ном ярих шаардлагагүй мэт.  Доороос түрэх энэ тэр гээд ирэхээр нэг л секси сүржин онолын хэллэг боловч таны бизнес, амьдрал ахуй л гэсэн үг. Тэр чинь нэг л болж өгөхгүй, зээл олдохгүй, зах зээл чинь ажил орлогогүй, тэгээд улс татварын орлогогүй, утаатай түгжрэлтэй хальтаргаатай,  хавдартай хатгаатай, амьдрал баргар байгаа нь дээрээс удирдсан хувьчлал ба түүнээс үүдэлтэй бизнесийн экологи буруу өрөгдсөнийх гэсэн үг.

Онол талаасаа бол угийн хязгаартай нөөцийг шударга өрсөлдөөнөөр биш лоббигоор хуваарилаад байхаар эдийн засагт давхар давхар өртөг гардаг. Лоббидож авч байгаа тал нь ч үр ашиг, бүтээмжийн араас явахгүй, лоббидуулсан нөөц ч хамгийн үр ашигтай газар хуваарилагдахгүй, сүүлдээ нөөцийг хэт төвлөрүүлсэн монополь, олигополиуд дараагийн нөөцөд давуу эрхтэй нэвтрэх болж, шинэ тоглогчдын хөгжлийг хязгаарладаг. Ийм орчин үүсмэгц компани, бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжийн төлөө ажиллах биш дамлах, төрд ажиллах, тендер авах гэх мэт рент гувчуур хайх мотивацтай болдог. Эдийн засаг бүтээмж дагаж хөгжихөө больмогц нөөц улам хомсддог, хомсдохоор лобби зодоон улам ширүүсч байгааг өмнө нь арай дэлгэрэнгүй бичсэн.

Өөрөөр хэлбэл,

ХХ зууны сүүлийн арванд хийгдсэн реформоос шинэ бизнест ээлгүй хуваарилалт нь шог өмчийн харьцаан дээр нэмэх нь мөнгөний хатуу бодлогоос үлдсэн банк төвтэй өндөр хүүтэй эдийн засаг  ХХI зуунд бидэнд өвлөгдөж ирээд байна.

Ийм дээр нь өмнөх аргачлалаараа том өмчүүдийг хувьчилбал дахиад инстүүцүүд хөгжилгүй хоцорч, эко систем улам эвдэрч,  шинэ компаниуд дээрээсээ шахуулах цикл улам гүнзгийрнэ. Үүнээс цааш гүнзгийрэхийг нийгмийн болоод эдийн засгийн тамир даах эсэх нь эргэлзээтэй. Тиймд бодлого боловсруулагсад бэлэн мөнгө олох гэж өмч хувьчлах аргачлалаа хамгийн түрүүнд эргэж харах ёстой. Уул уурхайн томхон орд ба үндэсний сүлжээ агуулсан шуудан гэх мэт өмчийг хасах оноог нойллох, хамгаалах зорилгоор хэрэглэх ёсгүй. Харин орчин үеийн хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын санг нэвтрүүлэх гэх мэт нэмэх онооны төлөө хэрэглэх, хөгжлийн төлөө давших багаж болгох боломжтой. Тэгэхийн тулд  эхэн үеийн реформын үр дүнг сайтар шинжилж хувьчлалаар дамжуулан хөгжүүлэх боломжтой инстүүцийн хөгжлийг хувьчлалын нөхцөлд багтааж, шударга, ил тод өрсөлдөөний зарчмаар үнэт цаасны зах зээлээр дамжуулан хувьчлах шаардлагатай.

Төгсгөлд нь

Тэмдэглэлийн эхэнд 1990-өөд онтой төстэй гараан дээр ирлээ гэж эхэлсэн. Балансгүй байдал ч, өр ч, бэлэн мөнгөний төлөө чихээ өгөхөд бэлэн байгаа нь ч, хэн хэгэн хаа нэгтэйгээс хурдал хурдал хувьд  л өг гээд байх нь ч тайзнаа суугаад түүхэн кино үзэх мэт давтагдаж байнам. Гэхдээ нэг юм өөр. Тэр үеийг бодвол түүхэн сургамж гэдэг асар том давуу тал өнөөдрийн бидэнд үлдсэн. Түүнийгээ үнэлэх эсэх нь бидний сонголт. Түүнчлэн есийн тос 9 төгрөг байсан үеийг бодвол бид мөнгө үзжээ. 20 тэрбумын төлөө хамгаа зарж гүйхээргүй мөнгө үзсэн.  250 сая доллар зээлээд цацаж үзлээ, хорвоод хосгүй гэгдэх алт зэсийн уурхайн төсөл хөдөлгөж үзлээ. Одоо нэг хувийн компани тэрбум долларын өрөө өөрийнх нь өмчийн нэрийг бариад дахин зохион байгуулчихаад байхад сувирнитетийн хувьд өрөө дахин зохион байгуулаад өмчөө бол хөгжлийн зорилгоор хувьчлах алсын хараа гаргах төрийн түшээд бий эсэх нь цаашдын реформ 90-ээд оноос илүү либерал, илүү прогрессив байх эсэхийг шийдэх нь дамжиггүй.

Эх сурвалж: trends.mn

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18