Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, гурил тэжээлийн үнийн хөөрөгдөл, малчдын зээлийн хүүг Засгийн газраас төлж барагдуулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
-Цасны зузаан гэж ярихаас илүүтэй яг хаваржилтаар өөр ямар хүндрэл гарч байгаа талаар мэдээлэл авъя?
-Өнөөдрийн байдлаар 4 сая орчим мал хорогдсон байна. 10 хоног тутамд бид энэ мэдээллүүдээ шинэчлээд яваад байгаа.
Цасны зузаан хунгар их хэмжээгээр тогтсон. Өнгөрсөн өвлийн турш энэ нь бидэнд ямар асуудал болж байна. Зам харгуй гаргаж болдоггүй, очиж болдоггүй байсан бол одоо хайлж урсаад эргээд малын хот, хэвтэр норох, усанд автахаас эхлээд малчдад багагүй хүндрэл учирч байна. Магадгүй одоо амьдарч байгаа гэр орон нь хүртэл усанд автах эрсдлүүд үүссэн. Хаваржилтын хүндрэлийн араас шар усны үер гэж асуудал бидэнд тулаад ирлээ.
Сүүлийн олон арван жил ороогүй цас, хур тунадас орсон. Цаг агаарын онц ноцтой үзэгдлүүд гарсан. Байгалийн давтагдашгүй эдгээр хүчин зүйлээс болж хаа хаанаа хүндрэлтэй болж байна.
Зөвхөн хөдөө орон нутагт гэлтгүй Улаанбаатар хотын хэмжээнд хүртэл аюул эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна. Тийм учраас хаа, хаанаа анхаарал сэрэмжтэй, өөрсдийн аюулгүй байдалд анхаарч, амьдарч байгаа болон ажиллаж байгаа ойр орчимдоо урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулж ажиллах шаардлагатай байна.
-МАЛЧДЫН ХҮҮГИЙН ЗЭЭЛЭЭС ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ТӨЛӨХ ҮГҮЙГ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДНЭ-
-Малчдын хүүгийн зээлийг хөнгөлөх асуудал юу болсон бэ?
-Зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үзүүлэх асуудал өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар бас хэлэлцэгдсэн. Нийт зээлийн дундаж хүү 21 орчим хувь байгаа юм. Тэгвэл үүнээс малчин айл өрх 6%-ийг нь өөрсдөө даах, үлдсэн хүүгийн зөрүүг тодорхой зохицуулалтыг хийж Засгийн газраас УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэх тал дээр судалгаа тооцооны ажлууд давхар хийгдээд явж байна.
Одоогоор бол зээлийг хойшлуулчихсан байгаа. Хэрвээ малчид өөрсдөө зээлийн төлөлтөө болон хүүгийн төлөлтөө хойшлуулъя гэх юм бол зээл олгосон банкиндаа хүсэлтээ гаргаад хойшлуулах боломжийг нь ирэх зургаадугаар сарын 1-н хүртэл нээгээд өгчихсөн.
Харин 6 дугаар сарын 1-нээс цаашаа бид яах вэ гэдэг асуудал өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцэгдсэн. Энэ сарын 15-нд УИХ-ын чуулган эхлэхэд эл асуудлуудаа хэлэлцүүлж байж, эцсийн шийдвэр гарна.
-ӨВӨЛ БОЛДГООРОО БОЛНО. ЗУД ХҮНДРЭЛ ҮҮСЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ. ЗУН НАМАР НЬ МАРТДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ-
-ХАА-н дэд сайд зуданд малаа алдсан айлуудыг малжуулна гэж ярьчихаад таг болчихлоо. Загсийн газрын хуралдаанаар яг ийм асуудал яригдсан юм уу?
-Малжуулна гээд мал нь хорогдсон айлуудад мал өгөөд хаячихдаг асуудал цаашдаа үргэлжилж болохгүй. Малжуулах хөтөлбөрөө чанаржуулах чухал. Малын тоо, чанар, үр шим, үржил шим дээр нь анхаарах чухал. Хоршоодын маягаарх зохион байгуулалтыг Засгийн газар дээр хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, хот айл хоршоогоороо нийлээд буюу тав, арваараа нэгдэж нийлээд малаа хариулчихдаг, сүү цагаан идээгээ боловсруулчихдаг, анхан шатны арьс шир, дайвар бүтээгдэхүүнээ боловсруулчихдаг, худаг усаа хүртэл хамтраад гаргачихдаг, өвс тэжээлээ хүртэл тухайн орчиндоо аймаг орон нутгаас нь газрыг нь шийдвэрлээд ногоон тэжээлээ хүртэл тариад авчихдаг. Хаа байсан Сүхбаатараас баруун хязгаар Увс, Ховд руу өвс тээвэрлэж хэд дахин нугалсан үнээр авдаг биш, нэг нэгээрээ биш нийлж асуудлуудаа шийдээд явах цаг нь болсон. ХАА-н салбарын системийн өөрчлөлтөө хийх, тогтвортой хөгжлөөр өрхийн амьжиргаагаа улам дээшлүүлэх талаас нь илүү цогцоор нь хандаж ажиллахгүй бол болохгүй байна.
Тэгэхгүй бол өвөл болдгоороо л болно, үргэлжилнэ. Зуд болохгүй гэх эрсдэл, баталгаа байхгүй. Тэгээд өвөл болохоор зуд, хүндрэл ярьж, зун, хавар мартдаг. Намар болохоор санадаг, ийм байж болохгүй. Тэгэхээр малчдын асуудлыг зөвхөн малчдын асуудал, хүндрэл гээд орхиж болохгүй байгаад байгаа юм.
Малчид өрхүүд маань манай үндэсний амьд өв сан болсон, үнэт эрдэнэ, үнэ цэнэ болсон хүмүүс. Эх орон алс хязгаар нутгаа харж байна. Хүн ардаа хүнсний бүтээгдэхүүн мах, сүүгээр хангаж байна. Өв соёлоо тээж, үр хүүхдүүдээ өсгөж байна. Өөрсдийгөө ажлын байраар хангаж, бусдыг ажлын байраар хангаж байна.
Экспортыг дэмжиж байна, МАА, ХАА-н том салбараа нуруун дээрээ үүрч явж байна.
Тэр утгаараа бид малчдадаа дорвитой туслах ёстой гэдэг агуулгаар өвлийн турш шат дараалсан арга хэмжээг авсан.
-ГУРИЛЫН ТЭЖЭЭЛИЙН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД ЗАСГААС ХАНГАЛТТАЙ ДЭМЖЛЭГ АВЧИХААД НЭГЭНТ ЗОХИХ ҮНЭЭР ХАНГАЛТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ИМПОРТОО СУВГАА НЭЭЖ ТЭНЦВЭРЖҮҮЛНЭ-
-Импортын гурилын асуудал дээр тайлбар өгнө үү?
-Засгийн газар, УИХ-аар удахгүй бас хэлэлцэгдэнэ. Засгийн газраас Импортын гурил тэжээлийг татварыг чөлөөлөх тогтоол өргөн барьж байгаа. Ер нь бид үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжиж явах ёстой.
Энийг бол Засгийн газар огт үгүйсгэхгүй байгаа. Гэхдээ гурил тэжээлийнх нь үнэ нэмэгдээд ард иргэд авч чадахгүй байхад тэрийг харсаар байгаад зүгээр суух эрх бас байхгүй. Зах зээлд тохиргоог хийх ёстой. Нийлүүлэлт, хангалтын тэнцвэртэй байдлыг хангах учиртай. Үндэсний үйлдвэрүүд нэгэнт зохих хэмжээнд үнээр хангаж чадахгүй, нийлүүлэлт нь дийлэхгүй байгаа бол бид импортынхоо сувгийг нээж тэнцвэржүүлэх ёстой. Ингэж байж айл өрхийн амьжиргааны зардлыг бууруулна. Инфляцаа ч бууруулна. Өрсөлдөх боломжийг ч илүү нээж өгнө. Гурилын үйлдвэрүүдийг Засгийн газраас сүүлийн жилүүдэд хангалттай дэмжиж ирсэн. Улаанбуудайн квотыг нь өгөх, хөнгөлөлт чөлөөлтийг олгох,татварыг нь анхаарах зэргээр дэмжлэг үзүүлсэн.
-ЗҮЙ БУСААР ХОРОГДСОН МАЛЫН МАХ ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРЭХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ-
-Иргэд зүй бусаар олгогдсон хорогдсон малын мах борлуулах вий гэсэн айдастай байна. Энэ дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Зүй бусаар хорогдсон малын мах, аливаа дайвар бүтээгдэхүүн, хүнсний хэрэглээнд нэвтрэх ямар ч боломжгүй. Цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд УОК-оос гаргасан шийдвэр ЗГ-ын шийдвэрийн дагуу хяналтаа тавиад явж байгаа. Ажлын хэсэг гараад ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн гэдэг мэдээлэл өгөөгүй.
Хэрвээ энэ асуудалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл аливаа иргэнд байгаа бол бидэнд шууд мэдээллийг өгч болно. Мөн УОК-ын Шуурхай штабын утас нээлттэй байгаа.
Тухайн мэдээллийн мөрөөр бид бас нарийвчилж шалгаж тодруулах боломжтой. Ер нь энэ чиглэлийн хяналтыг бол улсын хэмжээнд тавьж ажиллаж байна.
Бидний мэдэхгүй янз янзын асуудал гарахыг бас үгүйсгэхгүй.
Тийм учраас иргэд бодитой, баримттай мэдээллүүд өгвөл бидний ажилд мөн дэмжлэг болно. Тийм асуудал ямар нэг байдлаар гарах ёсгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудад анхааруулсан.