Ардчилсан Монгол Улсын иргэд бид УИХ-ын 9 дэх сонгуулийн циклийн өмнө ирээд байна. Өмнөх сонгуулийн алдаа онооноосоо суралцаад, ахиц дэвшил гаргаад явдагсан бол аль хэдийн сонгууль зохион байгуулагчид ч, сонгогчид ч “жигдрэх юмандаа” орчихсон байхаар байлаа. Ингэж хэлж буйн учир нь саналаа өгөхдөө өнөөх л сонгуулийн байранд өөрийн биеэр ирж өгдөг, орон нутгийн сонгогчид харъяа орон нутагтаа л очиж сонгуульдаа оролцдог байдал бахь байдгаараа л энэ жилтэй дахин золголоо.
Мөн дээрээс нь уул уурхайн компаниуд ээлжээр ажиллаж буй ажилчиддаа чөлөө өгч сонгуульд нь оролцуулах үүрэгтэй гэж хуульчилсан ч лоозон төдий болж, энэ удаагийн сонгуульд ч хэрэгжихгүй нь. Товчхондоо, дөрвөн жилд нэг удаа яригддаг сонгуулийн санал хураалтын шүүмжлэл 2024 оны УИХ-ын сонгуулиар ч яригдах нь тодорхой байна.
Уг нь Монгол Улс гурван жилийн өмнө цахим үндэстэн боллоо хэмээн тунхаглаж төрийн үйлчилгээнүүдийг шат дараатайгаар цахимд шилжүүлж буй.
Монгол Улсын засгийн газар цахим хөгжлөөрөө дэлхийн улс орнуудаадад хүлээн зөвшөөрөглөө, дэлхийн нэр хүндтэй шагнал гардан авлаа гэж хэдэн дарга нар нь алга ташин шагшиж, өнөөдрийг болтол шуурч байна. Гэтэл бодит нөхцөл байдалд нэн тэргүүнд тавигдах ёстой сонгууль, санал хураалтын процесс, түүнийг тойрсон дээрх асуудлууд хэвшмэл суртал дээрээ үлджээ. Өөрөөр хэлбэл, сонгууль, иргэдийн идэвхи оролцоог сайжруулах, чирэгдэл учруулдаггүй байхад энэхүү ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН САЛХИ гээч нь үлээсэнгүй.
ДЭВШИЛТГҮЙ СОНГУУЛЬ: ОРОН НУТГИЙН ХАРЬЯАЛАЛТАЙ ИРГЭД НУТАГТАА Л ОЧИЖ СОНГУУЛИА ӨГӨХ БОЛОМЖТОЙ
Тэртээ 2012 оны сонгуулийн саналын хуудсыг “хар” машин буюу санал тоолох машинаар тоолж, анх удаа гараар бус дэвшилтэт технологи ашигласан. Сонгууль бүрийн дараа хар машинтай холбоотой элдэв хардлага гарч, хэл ам үүсэж байдаг ч энэ төхөөрөмжөө ашигласаар л яваа. Техник технилоги хөгжсөн энэ үед иргэдийн саналыг гараар тоолно гэж сонгууль бүрийн өмнө хэн нэгэн улстөрч нь попорно. Юун шинэ, шилдэг, наапаангүй технологи ашиглах. Тийм сонирхол ч тэдэнд алга.
Хар машинтайгаа хазганаж явах зуур, иргэд хаа байгаа газраасаа сонгох эрхээ эдэлж ч чадахгүй энэ жилийн сонгуультайгаа ийн золгох нь дээ.
Дэлхийн улс орнуудын жишгээр гэж хөөрцөглөх дуртай +76 маань 126 болж чанар нэртэй төрөөс төрсөн тэрбумтангуудыг бэлтгэх гэж байж, ядаж л иргэдийнхээ сонгох эрхийг эдлүүлэх боломжит хувилбаруудыг нэвтрүүлж, технологитойгоо хөл нийлүүлмээр юм.
Жишээлбэл, Эстон улс гэхэд 13 төрлийн “санал авдаг хувилбар”-ыг сонгогчдодоо санал болгодог. Үүнд, цахимаар өгч болно, шуудангаар өгч болно, урьдчилаад өгч болно, санал авах өдөр өөрөө өгч болно зөөврийн хайрцгаар өгч болно гэх зэрэг багтана.
Харин Монгол Улсын хувьд гурван төрлийн санал авах хувилбартай. Зөөврийн саналын хайрцгаар өгч болно, санал авах байран дээрээ өгнө, сүүлийнх нь гадаад улсад байгаа иргэд саналаа өгнө гэсэн ийм 3 төрөл л байна.
Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын нийт иргэдийн талаас илүү нь амьдардаг. Гэхдээ энд амьдарч байгаа бүх иргэд Улаанбаатар хотын харьяалалтай биш гэдгийг төрийн сонгуулийг зохион байгуулж буй алба хаагчид битгий хэл долоон буудлын Должин эмээ ч мэднэ. Атал, орон нутгийн иргэд тухайн харъяа орон нутагтаа очиж саналаа өгнө гэж хуульчилж, түүнийгээ дагаж мөрдөхийг тулган шаардсаар байгаагийн л учрыг үл олно.
ЗАЛУУСЫН ИДЭВХИ ОРОЛЦОО ЯРИХ БУС СОНГОХ ЭРХИЙГ НЬ ХАНГА
Манай улс залуусын эх орон. Нийт хүн амын 42 хувийг 15-40 насны залуус эзэлдэг. Ид хөдөлмөрлөх насандаа яваа эдгээр залуусын дийлэх нь хотод амьдардаг. Учир нь хөдөөд ажлын олдоц муу, цалингийн үнэлэмж хангалтгүй. Энд бас нэг зүйл тодотгон хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төвлөрлийг сааруулж, орон нутагт амьдрах иргэдийг дэмжинэ гэж амласан ч үр дүн алга.
Тиймээс ихэнх залуус маань амьдрахын тулд хот бараадаж, аль эсхүл гадны улсыг зорьдог. Нэг ёсондоо гадаадад хараар амьдардаг шигээ улсынхаа нийслэлд харьяалалгүй амьдарч байгаа өчнөөс залуус бий. Хотод хаягтай болохын тул байнга оршин суух гэр хашаа, байр байшингаа бэлдсэн байх ёстой. Хотод амьдардаг хэн бүхэн хотын хаягтай байдаггүйн цаад учир нь энэ. Үндсэн хуулиндаа иргэн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй байхаар тусгасан байдаг учир эрх биш хөөж туулгүй хотод амьдруулдаг ч харьяаллаас хамаарсан төрийн үйлчилгээг тэд авах боломжгүй хэвээр байгаа.
Нөхцөл байдал ийм байхад тэд саналаа өгөхийн тулд хэдэн км-ыг туулна гэдэг чанга. 1500 км-ын цаана байрлах Увс аймгийн иргэн Доржоо сонгууль өгөхийн тулд автомашинаар явахад ирэх очихдоо 2 өдөр зарцуулна. Бас болоогүй халаас нимгэрнэ.
Энэ бүх шалтгаанаар залуусын сонгуулийн ирц хангалтгүй байсаар ирлээ. Бас нэг зүйл, шийдлээ олоогүй дарга нараас “зузаан хэтэвчтэй” нь Улаанбаатарын харъяалалттай иргэдийг царцаа нүүлгэж орон нутагт аваачиж, саналыг нь худалдаж авдаг тогтолцоо өнөөх цахим шилжилттэй энэ зэрэгцэхүйц хөгжсөн байдаг нь нууц биш.
Зохион байгуулалт, зохицуулалт, шинэ технологи, идэвхжүүлэлт аль нь ч байхгүй байж сонгуульд залуусын оролцоо хангалтгүй байна гэсэн лоозонгийн үгээр хаагаад өнгөрдөгөө хэзээ болих вэ?. Нөхцөлийг нь бүрдүүл. Тэгээд л болоо.
18-35 насны залуучуудын сонгуулийн оролцоо /2012-2021/
2021 оны байдлаар Монгол Улсад сонгуулийн насны 2041985 иргэн бүртгэлтэй байсан бөгөөд түүний 44% - ийг 18-34 насны залуучууд эзэлж байв. Гэсэн ч тэдний тал нь сонголтоо хийгээгүй болохыг график харуулж байна.
Сонгогчдын нас ахих тусам сонгуулийн ирц өндөр болдог бөгөөд 2020 оны сонгуулийн үр дүнг харахад 20 ба түүнээс дээш насны сонгогчдын нас ахих тусам ирц нь нэмэгдэж байсан. Харин 18-19 настай сонгогчдын ирц бусад залуу сонгогчдын ирцээс илүү байв.
Үүнээс залуусын хичнээн хувь нь үнэмлэх дээрх хаяг дээрээ амьдрахгүй, харъяа газартаа очиж сонгууль өгөх боломжгүй байна вэ гэдгийг тооцоолж сонгуулийн тогтолцоондоо цахим шилжилийн салхи үлгээлгэх шаардлагатай байна.