Бүргэдээр ан, ав хийх уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Энэ өвийг тээн яваа 400 орчим бүргэдчин бий гэх статистик байдаг ч өдгөө 200 орчим л бүргэдчин байгаа талаар албаны эх сурвалж өгүүлж байв. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн энэ өв, арга ухааны талаар Монголын бүргэдчидийн холбооны тэргүүн С.Медеухантай ярилцлаа.
Бүргэдийн баяр хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн бүргэдийн баярын онцлог нь юу байв?
Энэ удаагийн “Бүргэдийн баяр”-ыг БОАЖЯ, НАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжин хамтран ажиллаж байна. Энэ жилийн хувьд зохион байгуулалт нэлээн сайжирсан, үзүүлбэрийн тоо нэмэгдсэн. Мөн энэ наадмыг үзэж сонирхох хүмүүсийн тоо бас нэлээн нэмэгдсэн байна. Бас цаг агаар их таатай, сайхан нарлаг өдөр таарлаа.
Анх 2000 оноос Баян-Өлгий аймагт, 2006 оноос хойш Улаанбаатар хотод бүргэдийн баярыг зохион байгуулж байна. 2000 онд зохион байгуулсан анхны бүргэдийн баярт 60 бүргэдчин оролцож байлаа. Монголын бүргэдчдийн холбооноос жилд хоёр удаа бүргэдийн баярыг зохион байгуулдгийн нэг нь хаврын баярыг угтан Улаанбаатарт зохион байгуулж байгаа энэ наадам. Хүн бүхэн Баян-Өлгий аймагт очоод байж чадахгүй учраас баруун бүсэд амьдардаг Казах түмний зан заншлыг Улаанбаатар хотын хүүхэд залуучууд, энд байгаа ард иргэдэд таниулах зорилгоор ингэж хотод зохион байгуулдаг. Энэ наадамд Баян-Өлгий аймгаас шилдэг 20 бүргэдчин, Төв аймгаас нэг бүргэдчин оролцож байна.
Монгол Улсад хичнээн бүргэдчин байдаг вэ?
Ойролцоогоор 400 орчим бүргэдчин байдаг гэж ярьдаг. Гэхдээ яг амьдрал дээр 400 хүрэхгүй 100 200 хавьцаа л байх шиг байна. Сүүлийн үед бүргэдийг бизнест хүмүүс их ашигладаг болсон. Өөрөөр хэлбэл амьжиргааны эх сурвалж болгож байгаа. Тийм учраас бидний зорилго нөгөө талаараа жоохон хазайх гээд байна. Бидний гол зорилго бол энийг өвөг дээдсээс яг яаж үлдээсэн тэр хэвээр нь авч үлдэхийг хүсдэг. Бүргэдээр ан хийх өв бол төв Азид зургаан мянган жилийн түүхтэй. Тэр дундаа Монгол Улсад бол яг уламжлал ёсоор хадгалагдсан. Тийм учраас тэр уламжлалаа авч явах залуу бүргэдчдийг хүмүүжүүлэх зорилготой. Бүргэдчин болно гэдэг чинь амар юм биш шүү дээ. Хүн болгон бүргэдчин болж чадахгүй. Тухайлбал тодорхой хэмжээний мэдлэг туршлага байх хэрэгтэй.
Яг ингээд өв уламжилж яваа, долоон үеэрээ бүргэдчин хоёр гурван хүн ирсэн. Анхны бүргэдийн баярт оролцож, түрүүлж байсан, өв тээгч Б.Хайсам гээд 68 настай хөгшин энэ наадамд оролцоод явж байх жишээтэй. Мөн 2013 онд Баян-Өлгий аймагт зохион байгуулсан бүргэдийн баярт түрүүлсэн 13 настай охины аав нь мөн энд оролцож байна.
Хотын хүмүүс бол бүргэдийг аялал жуулчлал талаас нь түлхүү хардаг. Бодит амьдрал дээр бүргэдийг аж амьдралдаа хэрхэн ашигладаг юм бэ?
Энийг бол дээр үед амьжиргааны гол эх үүсвэр болгож, ан хийдэг байсан. Дараа нь ноёд, том баячуудын зугаа цэнгээний хэрэгсэл болгож, түүгээрээ зиндаагаа харуулдаг байсан.
Манай өвөг дээдэс бүргэдийг 6 нас хүрмэгц байгальд тавьдаг байсан. Яагаад гэвэл 6 наснаас эхлээд бүргэд байгалийн жам ёсоор үржилд ороод үр удмаа үлдээх ёстой. Бидний барьдаг гол зарчим маань энэ.
Хичнээн бүргэдийг гаршуулан, барьж байгаа вэ? Ийм тоо бүртгэл байдаг уу?
Монголд 200 орчим бүргэдийг гаршуулан барьж байна гэсэн тоо байдаг. Бидний гол зорилго бол бүргэдийг хамгаалах, зөв зүйтэй ашиглах.
Өнгөрсөн 12 сард бид Казакстанд очсон. Тэнд дэлхийн 5 орон нийлж дэлхийн бүргэдчдийн холбоог байгуулсан. Монголоос би төлөөлөн оролцсон. Дэлхийд шувуудын тэр дундаа шонхрын холбоо маш их байдаг юм байна. Гэхдээ яг махчин шувөуудын, бүргэдийн холбоо гэж хэлж байдаггүй юм байна. Тиймээс тэгээд ингээд Казакстан, Киргиз, Турк, Монгол, Орос гээд 5 улс нийлж дэ.лхийн бүргэдийн холбоог байгуулан гарын үсэг зурсан. Энэ жил 9 сарын 8-наас 14-нд Казакстанд дэлхийн бүргэдчидийн 5 дугаар фестиваль гэж болно. Тэр фестивальд тулам булаацалдах, мори дээрх барилдаан, нохойн ав, бүргэдийн ав зэрэг хорин төрлөөр явагдана. Үүнд 100-аад орны тамирчид оролцохоор байна. Үүнд манай улсаас мөн оролцохоор төлөвлөөд байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.