Д.Бат-Эрдэнэ:Иргэний сонгох эрхийг хүндэтгэж хуулийн дагуу СЕХ-нд нэг материалаа өгөх ёстой гэсэн шаардлагыг АН-д тавьсан
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий нам ,эвсэл тус бүр нэг нэр дэвшигчийн холбогдох материалыг өнөөдрийн дотор СЕХ-нд хүлээлгэж өгөх ёстой. Үүний дагуу МАН, “Зөв хүн-Электорат эвсэл” нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд хүлээлгэж өгсөн. Харин АН хоёр нэр дэвшигчийн материал хүргүүлснийг СЕХ хүлээж авалгүй буцаасан.Энэ талаар СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Бат-Эрдэнэ дараахь тайлбарийг өглөө. -Үндсэн хуульд тодорхой УИХ-д суудал бүхий нам, эвсэл тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ гэж тодорхой заасан байдаг. Энэ заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий нам, эвсэл дангаараа эвсэл хамтраад нэг хүний нэрийг дэвшүүлж, холбогдох материалаа СЕХ-нд ирүүлэх зохицуулалттай. СЕХ иргэний сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх, энэ эрхийг эдлүүлэхэд зохион байгуулалтын үйл ажиллагаагаар хангаж ажиллах чиг үүрэгтэй төрийн байгууллага. Тийм ч учраас УИХ-д суудал бүхий улс төрийн томоохон хүчин АН-ын нэр дэвшүүлэх сонгогдох эрхэнд хүндэтгэлтэй хандаж байгаа. Нийтэд ил байгаа баримтаар мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ёстой байдаг. СЕХ-нд хоёр мөрийн хөтөлбөр ирүүлсэн.
Нэгдүгээрт, төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа сонгуульд улс төрийн томоохон хүчин, УИХ-д суудал бүхий намын хувьд хүндэтгэлтэй хандаж хуулийн дагуу иргэний сонгох эрхийг хүндэтгэж хуулийн дагуу СЕХ-нд нэг материалаа өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тиймээс материалыг хүлээж аваагүй. Хуульд зааснаар өнөөдрийн 24 цагийг дуустал нэр дэвшигчийн материалыг хүлээж авах ёстой. СЕХ-ны удирдлага та бүхний сонгогдох эрхэнд хүндэтгэлтэй хандаж, асуудлаа дотооддоо шийдвэрлээд орж ирэх боломжтой шүү гэдгийг хэлсэн. Магадгүй ямар нэгэн байдлаар асуудлаа шийдвэрлэхгүй дахин энэ байдлаараа орж ирвэл СЕХ хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагын тодорхой лавлагаа, үндэслэх материал юу байна тэр бүгдийг үндэслэж нэг материалыг л хүлээж авах хуулиар хүлээлсэн үүрэгтэй. Үүнийгээ л биелүүлнэ.
Ирүүлсэн баримт бичгийн агуулга руу орох хуулиар заасан хугацаатай. Өнөөдрийн хувьд нэг хүний баримт бичгийг бүрдүүлбэрийн хувьд бүрэн гүйцэт байна уу үгүй гэдгийг нягтлан шалгаж хүлээж авдаг. Үүний дараа гурав хоногт хүлээж авсан баримтдаа нягтлан шалгах үйл ажиллагаа явуулж, нэр дэвшигчийн хуульд заасан шаадлагыг хангаж байна уу үгүй гэдэг талаарх лавлагаануудыг үндэслээд СЕХ-ны хуралдаанаар бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
Үндэсний Аудитын Ерөнхий газраас СЕХ-нд хоёр мөрийн хөтөлбөр ирүүлсэн байна. СЕХ намын дотоод асуудулыг шийдэхгүй. Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхүүдээс холбогдох материалуудыг авсан. Энэ баримтад үндэслэж алийг нь авах вэ гэдгээс өмнө АН улс төрийн дотоод асуудлаа шийдэж иргэний сонгох эрхэд хүндэтгэлтэй хандаж хуулийн дагуу сонгуульд оролцоосой гэдэг үүднээс буцаасан.