Их Британийн Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны сүүлийн тэмцээн болж, манай тамирчид гурван медаль хүртсэн байна.
Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг зүүжээ. Тухайлбал эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Баттулга алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 63.5 кг-д Т.Энхтөр хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс 54 кг-д ААШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн А.Баттулга өмнө нь тус тэмцээний мөнгө, Т.Энхтөр хүрэл медальтай бол О.Есүгэн анхны медалиа гардан авчээ.